Байрнууд руу нэвтрэх туслах замыг хаасан хашааг нурааж, газрыг чөлөөлөв

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 44, 45, 65, 66 дугаар байр руу орох туслах замыг хааж барьсан төмөр хашаануудыг нурааж, ачууллаа. Энэхүү хашааг "Зан интернэшнл" ХХК зургаан давхар үйлчилгээтэй орон сууц барих зорилгоор босгосон байв. Гэвч хашаа сүндэрлүүлсэн зам талбай нь дээрх байрнууд руу галын машин, түргэн тусламж болон оршин суугчдын орж, гарах ганц гарц нь юм. Тиймээс оршин суугчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, улмаар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Засаг дарга Х.Болормаа нарт хандсан байна. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Газрын тухай хуулийн 27.4, 56.5, 57.3, 57.4, 57.5, 60.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн газар дээр нь тушаал гаргаснаар ийнхүү цагдаагийн байгууллага, газрын албаны мэргэжилтнүүд төмөр хашааг нурааж, гарцыг чөлөөллөө.

Нийтийн эзэмшлийн уг замыг түр хаах зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2020 оны долдугаар сарын 10-ны өдөр олгосон байв. Харин барилга барих зөвшөөрлийг дөрвөн жилийн өмнө олгосон гэдгийг оршин суугчид хэлж байсан бөгөөд тухайн үед тэд эсэргүүцэж, шүүхэд хандсан ч "Зан интернэшнл" ХХК-ийн талд шийдвэр гарсан аж. Иймд 44, 45, 65, 66 дугаар байрны оршин суугчид дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэх гаргана гэдгээ мэдэгдлээ. Тэд "Барилгын компани нь арктай орон сууц барина гэж байгаа боловч арк дундуур галын машин орж чадахгүй байгааг саяхан гарсан галын осол бидэнд харуулсан. Элдэв аюул осол ирэхэд 40, 50 мянгатынхан тусламж авах гарцгүй, агаар сэлгэх зай, талбайгүй болох гээд байна. Үүнийг бид зогсоох ёстой. Бидний амьдарч байгаа орон сууцны урд талын талбай бидэнд үлдэх ёстой. Үр хүүхэд минь тоглох нэг алхам бүү хэл, сөөм газар үлдээхгүй битүү барилга болгох шийдвэр гаргадаг, нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж барилга байгууламж барих зөвшөөрөл олгодог албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Бид шүүхэд нэмэмжлэх гаргаж, хуулийн зөрчлийг арилгуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлнэ" гэж ярьж байв.

Газрын тухай хуулийн холбогдох заалтууд:

27.4 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.

56.5.Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.

57.3.Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. 

57.4.Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.

57.5.Энэ хуулийн 57.4-т зааснаар газрыг чөлөөлөөгүй бол уг барилга, байгууламжийг шаардлагатай гэж үзвэл төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

60.1.1.Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга;