Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг тэмдэглэж байна

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эрдэнэт үйлдвэр ХАБЭА-н дэлхийн өдөрт онцгой ач холбогдол өгч, бодлогын олон хөтөлбөр төлөвлөн, бодитой ажил хэрэг болгодог юм.  Ажлын байранд ажил хөдөлмөр гүйцэтгэхэд аюулгүй байдлыг хангах асуудал нь хамгийн түрүүнд тавигддаг. Энэ утгаараа “Нэн түрүүнд-ХАБ” уриа Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байна. Ажилтан, ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, ажлын байрны эрсдэлийг арилгах, эрүүл ахуйн чанарыг сайжруулах чиглэлээр баримталж буй дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас амь насаа алдсан ажиллагсдынхаа дурсгалыг хүндэтгэх, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаа ХАБЭА-н өдрөөр зохион байгуулж байна.  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Нэн түрүүнд ХАБ” бодлогын хэрэгжилтийг ХАБЭА-н хэлтэс хангах чиг үүрэгтэй. Тус хэлтэс болон бүтцийн нэгжүүдэд нийт 63 ажилтан ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн ХАБ-ын үйл ажиллагаанд ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын манлайллыг дээшлүүлэх зэрэг нь тус хэлтсийн үйл ажиллагааны үндсэн бодлого юм. Түүнчлэн ажилтан бүрийн мэдээллийг шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор 71300 тоот утас ажиллуулж, аюулыг мэдээлэх хуудас болон гар утасны аппликейшн нэвтрүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлогыг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэл баримтлан ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн энэ чиглэлийн ажилтнуудын хүлээх үүрэг биш ажилтан, удирдлагуудын хамтын оролцоо, идэвх санаачилга, багаар гүйцэтгэх ажил байдаг. Үүний үр дүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх ажлууд сайжирч, осол авааргүй ажиллаж хөдөлмөрлөх боломж бүрдэнэ гэдгийг ХАБЭА-н мэргэжилтнүүд онцоллоо.