Засвар механикийн заводын Урлан бүтээгчид 10 гаруй төрлийн зэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсгийн дархчууд 10 гаруй төрлийн бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж байна. Тэд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас баталсан төлөвлөгөө болон бусад цех нэгжүүдийн захиалгаар зэс домбо, аяга, тавгаас эхлээд цом, жааз зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг захиалагчдын санаа, зураг загвараар урладаг аж. Бүтээгдэхүүн бүртээ Эрдэнэт үйлдвэрийн бахархалт түүх, өнгө төрхийг үндэсний уламжлалт болон орчин үеийн хэв шинжтэй хослуулан шингээж өгдгөөрөө онцлогтой гэж хэсгийн дарга С.Ганбаатар ярив. Өнгөрсөн жил төгөлдөр хуур болон эв загасны дүрс бүхий бүтээл шинээр урласан нь олны таашаалд нийцжээ. Эдгээр бүтээлийг зэс гууль хослуулан чулуун суурьтай бодит байдлаар хийсэн нь шинэлэг бөгөөд эрэлттэй бүтээгдэхүүн болсон байна. Тус хэсэг уран дархан, гоёл чимэглэлийн засварчин, токарь фрезерчнээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй. Гаднын байгууллагуудын захиалгаар тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч коронавирусын тархалтаас шалтгаалан захиалгаа түр зогсоосон аж. Засвар механикийн заводод өмнө нь гоёл чимэглэлийн зүйлс хийдэг тусгай хэсэг байсныг ийнхүү гарын ур дүйтэй залуучууд болон уран дархчуудаар өргөжүүлэн урлан бүтээх төв болгон хэрэгцээт  бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.