ХАБЭА-н хэлтсээс өнгөрсөн долоо хоногт 982 ажилтанд аюулгүй ажиллагааны зөвлөгөө өгч, ажиллажээ

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн гол чиг үүргийн нэг нь хүнтэй ажиллах буюу ажилтан бүрийг аюулгүй ажиллахад сургах зорилготой. Тиймээс, долоо хоногийн ажлын тайлан мэдээлэлдээ “Хүнтэй ажиллах” гэсэн үзүүлэлтийг тусгайлан оруулж, дүгнэдэг боллоо. Ажлын байраар, ажилтнуудтай хэрхэн зөв зохистой харьцах, аюулгүй ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаа болон зөвлөгөө өгөх, зөрчилтэй тохиолдолд хариуцлага тооцох зэргийг энэ үзүүлэлтээр дүгнэнэ гэж тус хэлтсийн дарга Д.Мөнхболд онцолсон. Тэгвэл, өнгөрсөн долоо хоногт ХАБЭА-н хэлтсийн мэргэжилтнүүд 13 бүтцийн нэгжийн 982 ажилтанд аюулгүй ажиллах талаар ажлын байранд нь зөвлөмж өгч ажиллажээ. Энэ үеэр аюулгүй ажиллагааны зөрчил гаргасан Баяжуулах үйлдвэрийн 5, Барилга засварын цехийн нэг ажилтанд хариуцлага тооцож, анхаарал болгоомжтой ажил үүргээ гүйцэтгэхийг сануулсан байна.

Эрдэнэт үйлдвэр, “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн тул ХАБЭА-н сургалтыг танхимаар бус цахим хэлбэрээр зохион байгуулж эхэллээ. Менежментийн тогтолцооны сэдэвт цахим сургалтын эхний хичээлийг даваа гаригт Эрдэнэт телевизээр зааж буй аж.

Өнгөрсөн долоо хоногт Баяжуулах үйлдвэр, Ил уурхай зэрэг таван цех нэгжид өндөр эрсдэлтэй 60 ажлын шалгалт хийхээр төлөвлөснөөс бүрэн хэрэгжиж, галын хоёр ажилд хяналт тавин ажилласан байна. ХАБЭА-н 4 дүгээр шатны үзлэгээр Авто тээврийн цех “хангалттай” үнэлгээ авсан бол зорилтот болон ээлжит бус шалгалтад Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод хамрагджээ. Төлөвлөгөөт ажлуудаас сайжруулалтын чиглэлээр аюулыг мэдрүүлэх сургалтын төхөөрөмж бүтээх 18 ажил, ХАБ-ын зааврыг ажлын байранд ил тод байрлуулах 28 ажил тус тус хийгдсэн байна.