Оёдлын цех оны эхний улиралд 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн хамт олон оны эхний улиралд нийт 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийлүүлжээ. Үүний нэг тэрбум төгрөгийн өртгөөр 35 мянга орчим баяжмалын уут, 400 сая төгрөгийн ажилчдын хувцас үйлдвэрлэсэн байна. Он гарсаар ажилчдын хамгаалах хэрэгсэл буюу ажлын дулаалгатай болон нимгэн, дотуур хувцас түлхүү үйлдвэрлэж, инженер техникийн ажилтнуудын хувцасны захиалгыг гуравдугаар сараас авч эхэлсэн байна. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 36 мянган ширхэг амны хаалт шуурхай оёж, үйлдвэрийн ажиллагсдад тараажээ. Мөн “ковид-19” цар тахал дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, зэсийн үнэ буурч буйтай уялдуулан хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, бүтээгдэхүүний материалын зардлыг багасгах, зарим захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг түр зогсоох зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, тус цех 12 нэр төрлийн ажилчдын хувцас үйлдвэрлэхэд гол ажлаа чиглүүлж, зөөлөн оёдлын болон баяжмалын уутны хэсэгт нийт 80 гаруй оёдолчин ажиллаж байна. ХАБЭА-н хэлтэстэй хамтран үйлдвэрийн ажилчдын ажлын хувцасны альбомыг шинэчилж буйтай холбогдуулан шинэ загварын хувцас удахгүй үйлдвэрлэж эхэлнэ. Үүнд бүх ажилчдын хувцас нэг ижил өнгөтэй байх бөгөөд үйлдвэрлэлийн бүтэц нэгжийн ажилчдын хувцсыг дулаан материалаар, оффисын ажилтнуудад нимгэн цамц оёх загвар гаргажээ.