Тээвэр ложистикийн төвийнхөн “Хорт зуршилгүй хамт олон” болно

Тээвэр ложистикийн төвийн О.Сувд-Эрдэнэ ахлагчтай “Шинэ санаа” бүтээмж чанарын дугуйлангаас санаачлан “Хорт зуршилгүй хамт олон” аяныг эхлүүлэв. Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрч, нийтийг түгшээж буй “ковид-19” халдварын эсрэг тэмцэхийн тулд хүн бүр амьдралын зөв хэвшилтэй байж, дархлаагаа дэмжих үүрэгтэйг аяны зорилго агуулжээ. “Хорт зуршилгүй хамт олон” аяны хүрээнд долоо хоног бүрийн Баасан гаригийг “Тамхигүй өдөр” болгож, архи болон мансууруулах бодисын хор уршгийг таниулах заавар зөвлөмж түгээх юм.

Аяны талаар тус цехийн ХАБЭА-н инженер Д.Энхбаатар “Манай цехэд 13 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг. Тэдгээрийн нэг “Шинэ санаа” дугуйлангийнхан хувь хүн бүр хорт зуршилтай тэмцэх нэг сарын аяныг санаачилсан. ХАБЭА-н хэлтсээс олон чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг хэсэг нь цехүүдэд өрнөдөг жижиг аян болон тасралтгүй сайжруулалтыг дэмжих ажлууд юм. Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, осол авааргүй ажиллахад илүү төвлөрдөг бол зарим үед ажиллагсдын эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудлыг орхигдуулдаг тал бий. Тиймээс энэ удаа манай ажилтнууд санал бодлоо солилцон, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх алхамд суралцъя гэсэн зорилгод нэгдсэн. Нөгөө талаар, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн үед цахим уралдаан тэмцээнд хамрагдаж, хорт зуршлаас салах бүтээлч ажил зохион байгуулахыг зорьж байна” гэж онцлов.

Сарын аян 5 сарын 3-ныг хүртэл үргэлжилж, үр дүнгээ дүгнэх аж. Тээвэр ложистикийн төвийн ажилчдын эрүүл мэндийн үзлэг хяналтыг “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч Т.Баярсайхан хариуцан ажилладаг. Тэрээр “Хорт зуршилгүй хамт олон” болох аяны турш ажилчдад эрүүл мэндийн цахим сургалт болон архи тамхины хэрэглээнээс татгалзахын ач тус, зөв дадлыг хэвшүүлэх сэдвээр эмчийн зөвлөгөө өгөх аж. Өнгөрсөн жил тус цехийнхэн хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, илүүдэл жинтэй тэмцэх зорилгоор “Эрүүл мэндийн замаар алхъя” аяныг зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ.