Эрдэнэт үйлдвэрийнхэнд аюулт өвчнөөс хамгаалах “Нагбу гужор” эмийн үрэл бэлэглэлээ

Өнгөрсөн оны сүүлчээр Хятад улсад анхны тохиолдлууд нь илэрч, өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрээд буй корона вирус буюу “ковид-19” халдварын тархалттай хүн төрөлхтөн олон хэлбэрээр тэмцэж байна. “Ковид-19” өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр Улсын онцгой комиссын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өнөөдөр тус үйлдвэрийн уурхайчдад “Срайдорж Номунхан” сангаас аюулт өвчнөөс хамгаалах “Нагбу гужор” буюу “Есөн харын найрлага” эмийн үрлийн дээжээс гардуулж өглөө. Тодруулбал, есөн чухал эмийн найрлагаас бүтсэн 2600 ширхэг үрлийг Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан хувилгаан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярт гардуулав. Срайдорж Номунхан сан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, эхний ээлжинд тус үйлдвэрийн нийт ажилтны 40 хувьд нь энэхүү эмийн үрлийг бэлэглэж буйгаа энэ үеэр онцоллоо. Өөрсдийн мэдлэг чадвараа ашиглан хүний төлөө буяны ариун үйлс хийж буй Срайдорж Номунхан сангийнханд уурхайчдынхаа өмнөөс талархаж буйгаа  Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр илэрхийлсэн.