Наадмын төсвөөс өнөөдрийн байдлаар 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга Ж.Батбаясгалан болон албаныхан өнөөдрийн мэдээллийн үеэр наадмын төсвийн талаар мэдээлэл хийлээ.

Ж.Батбаясгалан "Баяр наадмын шагнал, урлаг соёл, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тохижилт үйлчилгээ болон хэв журам, аюулгүй байдлыг хангах онцгой байдлын зардал гардаг. Мөн иргэдэд хүргэдэг мэдээлэл, сурталчилгааны зардал гардаг" хэмээн товч тайлбарлав.

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Үндэсний их баяр наадам нь өөрөө Баяр, наадмын тухай хуулийн дор хэрэгжүүлдэг арга хэмжээ.

2020 оны Төсвийн тухай хуульд баяр наадмыг зохион байгуулах зардлыг 3 тэрбум байхаар хуульчлан баталсан. Үндэсний их баяр наадмын бай, шагналуудын зардал ч хуулийн дагуу батлагдсан төсвөөрөө гарна.

Энэ жилийн онцлог нь цар тахалтай холбоотойгоор халдваргүйжүүлэлтийн зардал, газар нутгийн ариутгалд тодорхой хэмжээнд зардал гарч буй. Мөн бид дэлхийд ганц Монгол наадмаа тал нутагт хэрхэн хийдэг байсан болоод хуучин уламжлал ямар байсныг иргэддээ болон дэлхийд танилцуулахын тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өмнө жилүүдэд наадам гурав хоногийн дотор л зохион байгуулагдаг байсан бол энэ жил урлаг соёлын арга хэмжээ гээд наадмын бэлтгэл ажил эхлээд сарын хугацаа өнгөрч байна.

Өнөөдрийн байдлаар батлагдсан төсвөөс 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөгдөөд зарим санхүүжилт гараад явж байна.

Үүнд наадмын өдрүүдэд хэв журам, онцгойгийнхоо ажилчдад ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд шаардлагатай тээвэр, шатахууны зардал гээд бусад зардлууд багтсан” гэв.