Хан-Уул дүүрэг дэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ашиглалтад орлоо

Хан-Уул дүүрэг дэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт болж байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан зэрэг холбогдох албаны хүмүүс оролцож байгаа юм.

2010 оноос хойш зогсонги байдалд ороод байсан энэхүү эмнэлгийн барилгыг 2018 оны тавдугаар сараас эхлүүлж, 2020 оны долдугаар сарын 6-нд ийнхүү ашиглалтад оруулж байна. 

Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай тус эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн 7 блок, найман давхар юм. 

Жилд 10-12 мянган эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд жилд нийт 120 мянган эх, хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. 

Түүнчлэн 681 эмч, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, эмчилгээ үйлчилгээний 22 тасагтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 17 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөгджээ.