Ц.Мөнхцэцэг парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллана

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы (2020.07.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолыг батласан. Энэ хүрээнд байнгын хороодод ажиллах гишүүдийг сонгоод байна. Тэгвэл парламентад голлох үүрэг бүхий Хууль зүйн байнгын хороонд эмэгтэй гишүүдээс УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ажиллахаар болжээ. Түүний хувьд улс төрийн ухааны доктор бөгөөд улс төрийн коммуникаци, сонгуулийн кампанит ажил, улс төрийн намын санхүүжилт болоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр олон судалгаа хийж, УИХ, Засгийн газар, улс төрийн намуудад зөвлөмж, чиглэл өгч ирсэн билээ. Тэр ч утгаараа Ц.Мөнхцэцэг гишүүнийг Хууль зүйн байнгын хороонд ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж гарах органик 40 гаруй хуулиудыг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн бололтой.

Энэ тухай тэрбээр "Олон жил судалж, бас шүүмжилж ирсэн парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө голлох хууль тогтоомжуудад ажиллана. Монголчуудын хамгийн их хүсэмжилж буй нийгмийн бүх салбарт шударга ёсыг тогтоох, шүүхийн шударга бус байдлыг арилгах, төрийн албан дахь авлигын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, төрийн албанд ах дүү хамаатан садан, намын харъяалал, нутаг усны хамаарлаар алагчилж үзэх, тал тохой татахын эсрэг хүчтэй дуу хоолой болон ажиллана гэж бодож байна. Цаазын ял, экстремизм, национализм, авторитаризмын эсрэг зарчмын байр сууриа бодлогын түвшинд илэрхийлэн зүтгэх болно. Мөн боловсролын салбарт 20 гаруй жил багшилсан хүний хувьд Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороонд мөн ажиллах болов. Боловсролын шинэчлэл, тэр дундаа боловсролын салбар дахь тэгш бус байдлыг багасгах, ашгийн бус сургалтын байгууллагыг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд голлон анхаарна" гэжээ. 

7/Хууль зүйн байнгын хороо:

1.Ширнэнбаньдын Адьшаа

2.Норовын Алтанхуяг

3.Сайнбуянгийн Амарсайхан

4.Хавдисламын Баделхан  

5.Сандагийн Бямбацогт

6.Дашдондогийн Ганбат

7.Борхүүгийн Дэлгэрсайхан

8.Лхагвын Мөнхбаатар

9.Цэрэнжамцын Мөнхцэцэг

10.Хишгээгийн Нямбаатар

11.Шатарбалын Раднаасэд

12.Цэндийн Сандаг-Очир

13.Жамъянхорлоогийн Сүхбаатар

14.Цэдэвийн Сэргэлэн

15.Ням-Осорын Учрал

16.Дамдины Цогтбаатар

17.Бямбасүрэнгийн Энх-Амгалан

18.Баттөмөрийн Энхбаяр нарын гишүүд ажиллах юм.