Өнөөдөр нэг хүн эдгэрч, дахин нэг жирэмсэн эмэгтэй амаржин охинтой болжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунууд болон эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг танилцууллаа.

Тэрбээр "Зургаадугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 406 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж танилцуулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 378 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-т сэжигтэй гэж үзэн тугсаарласан хоёр, тандалтын зорилгоор хийсэн долоон шинжилгээ, ачаа тээврийн 19 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр 21 настай/эрэгтэй/ нэг оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. ОХУ-аас ирсэн тус оюутан 36 хоног эмчлүүлсэн.

Бас нэг сайн мэдээтэй. ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрч гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд хянагдаж байсан. Тухайн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-д буцаан авчирсан бөгөөд өнөө өглөө төрж, охинтой боллоо.

Нийт батлагдсан тохиолдол 220 байгаагийн 176 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 44 хүний биеийн байдлыг үнэлбэл, 33 нь хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. Эмчилгээнд чихрийн шижинтэй нэг, 6 болон 12 настай хүүхдүүд, хоёр жирэмсэн эмэгтэй байгаа" гэв.