УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, УИХ-ын 75 гишүүн тангараг өргөлөө. Ингэснээр найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлэв. Хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай,  үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстой" гэсэн юм. 

Харин УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог, Сэлэнгэ аймгаас сонгогдсон, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат цагдан хоригдож байгаа тул тангараг өргөх ёслолд оролцсонгүй. Тангараг өргөх ёслолд оролцож амжаагүй УИХ-ын гишүүн анх оролцсон чуулганы хуралдааны үеэр тангараг өргөх хуулийн зохицуулалттай юм. Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 6-нд болно. 

Гэрэл зургийг MPA.mn