Г.Занданшатар: Анхдугаар чуулганыг нэн яаралтай зохион байгуулах шаардлага үүссэн

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэнрүйг  хүлээн авч уулзлаа. УИХ-ын найм дахь удаагийн сонгууль амжилттай болж, улиран сонгогдсонд Элчин сайд Чай Вэнрүй баяр хүргэв. Ноён Элчин сайдтай дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Монголын ард түмэн тогтвортой байдлыг эрхэмлэж, МАН-ын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсэж, итгэл найдвар, хариуцлагыг энэхүү сонгуулийн үр дүнгээр хүлээлгэсэн болохыг тэрээр тэмдэглэн хэлсэн юм.

Дэлхий дахинаа тархан үргэлжилсээр байгаа КОВИД-19 цар тахал хэзээ дуусахыг урьдчилан хэлж таамаглах ямар ч боломжгүй байна. Цар тахлын халдвар дахин дахин гарсаар байгаа нь ирэх он жилүүдэд хүн төрөлхтөн шинэ цаг үед шилжиж, шинэ нөхцөл байдалд ажиллаж амьдрах шаардлага тавигдаж байгааг сануулсаар байна гэж үзэж буйгаа УИХ-ын дарга хэлэв. Ийм нөхцөлд дэлхийн улс орнууд, юуны өмнө нэг бүс нутгийн, хөрш зэргэлдээ улс орнууд харилцаа, хамтын ажиллагаагаа хамтран хэлэлцэж, уялдуулан төлөвлөх нь улам бүр чухлаар тавигдаж байгааг онцлон тэмдэглэв.

Энэ зургаадугаар сарын эхээр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн ээлжит чуулганууд амжилттай болж өнгөрснийг Монголын ард түмэн анхааралтай ажиглаж, хоёр Их хурлын энэ удаагийн чуулганаар Хятад улс КОВИД-19 цар тахлын нөхцөлд улс орноо хэрхэн удирдан жолоодох, нийгэм, эдийн засгаа хэрхэн урагшлуулан хөгжүүлэх талаар чухал зорилт, төлөвлөгөө хэлэлцэн баталж дэвшүүлсэнд баяр хүргэв.

УИХ-ын ээлжит сонгууль амжилттай болж, цар тахлын хориг хязгаарлалт үйлчилж байгаа энэ цоо шинэ нөхцөлд сонгуулийн үйл ажиллагааг хэвийн, алдаа мадаггүй, амжилттай сайн зохион байгуулсныг УИХ-ын дарга дурдав. Энэ үндсэн дээр УИХ-ын Анхдугаар чуулганыг нэн яаралтай зохион байгуулж, улс орноо удирдан жолоодох, нийгэм, эдийн засгаа хөтлөн хөгжүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлэх шаардлага үүсээд байгааг онцолсон юм.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч буйгаа УИХ-ын дарга онцлоод  КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд зохицуулан идэвхжүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэх шаардлагын талаар ярилцаж, Монголбанк, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг сунгах, хоёр орны худалдаа эдийн засгийн урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн УИХ-ын дарга хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зэрэг өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр хоёр улсын удирдлагын түвшинд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө талууд алдсан цаг хугацааг нөхөж идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа онцоллоо.

Элчин сайд Чай Вэнрүй БНХАУ болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын эрх ашигт нийцнэ гэдгийг онцлоод энэ чиглэлээр хийж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санаачилгуудыг зохих түвшинд нэн яаралтай уламжлахын зэрэгцээ Элчин сайдын хувиар өөрийн зүгээс шалтгаалах бүхнийг санаачилгатай, идэвхийлэн хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ БНХАУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж, хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж ажиллаж ирснийг БНХАУ-ын талаас өндрөөр үнэлж байгааг Элчин сайд хэллээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын даргын хувиар хоёр улсын төр, засгийн найрсаг харилцаа, ард түмний найрамдлыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирснийг Элчин сайд тэмдэглээд найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, шинээр сонгогдсон гишүүдтэй Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал хамтран ажиллахад бэлэн байгааг тэрээр дуулгалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.