Ц.Мөнхцэцэг: Ардчиллыг бэхжүүлэх гол хуулиудыг шинэчилж ажиллана

УИХ-ын сонгуульд шинээр сонгогдсон эрхмүүд өнөөдөр СЕХ-ноос албан ёсоор гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “УИХ-ын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авч байна. Шинэ УИХ хэд хэдэн онцлогтой бүрдлээ. МАН-ын нийгмийн шударга ёсыг тогтоох Ерөнхий сайдын бодлогыг Монголын ард түмэн дэмжсэнээр үнэмлэхүй олонхийн суудлыг авлаа. Энэ утгаараа мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа хэрэгжүүлэх, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сан зэрэг нийгэм, эдийн засгийн гол шинэчлэлүүдээ хийж ажиллах нь зүйн хэрэг. Ирэх дөрвөн жилд цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нийгмийн болон бусад сөрөг үр дагавруудыг даван туулах учраас төрийн бодлогын хувьд сорилттой тулгарч байна. Тиймээс МАН мөрийн хөтөлбөртөө Үндэсний хэмнэлтийн бодлогыг зарлаж, нэн тэргүүнд төсвийн зарцуулалтын задгай, үрэлгэн байдлыг хянаж ажиллахаар тусгасан. Миний хувьд Монголын боловсролын шинэчлэл, боловсролын салбар дахь тэгш бус байдлыг багасгах, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Үүнээс гадна Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг Монголын ардчиллыг бэхжүүлэх гол хуулиудын шинэчлэл, улс төрийн намыг төлөвшүүлэх, улс төрийн эрүүл орчин бий болгох, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах зорилттой байна. Надад итгэл хүлээлгэн сонгосон 24 дүгээр тойргийн бүх сонгогчдодоо талархал илэрхийлье. Сонгогчдынхоо итгэлийг алдахгүйн төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө эзэмшсэн мэдлэг, боловсролоо зориулан ажиллах болно” хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ онцоллоо.

Тэрбээр УИХ-ын сонгуульд тэгш боломж, шударга нийгмийн төлөө уриатай нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ. Тийм ч учраас энэ зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө ардчиллыг бэхжүүлэх гол хуулиудын шинэчлэхээс ажлаа эхлэхийн зэрэгцээ боловсролын салбар дахь тэгш бус байдлыг арилгах замаар нийгмийн тэгш байдлыг бий болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.