ЭЕШ: Бүх хуваарь сонголт онлайнаар явагдана

Энэ жил цар тахал гарсантай холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их дээд сургуулиудад элсэх журамд өөрчлөлт орсон. Тодруулбал, зургаадугаар сарын 25-наас эхлэн элсэгчид цахимаар сургуульдаа бүртгүүлэх юм. Үүний дараа ЭЕШ болох долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд сурагчид сургуулиа сонгон баталгаажуулна.

Элсэгчид цахимаар сургуульдаа бүртгүүлэхдээ www.ees.edu.mn сайтад бүртгүүлэн өөрийн хүссэн 10 сургуулийн 10 мэргэжлийг сонгох юм. Харин элсэлтийн ерөнхий шалгалт өгч оноо гарсны дараа тухайн сургуульд тэнцсэн эсэх, сургуулиудын хуваарийн тоо хэд байгаа эсэх, өөрийн шалгалтын оноо зэргийг тухайн цахим хуудсаасаа харах боломжтой юм байна.

Боловсролын үнэлгээний төвийн шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат “Бүх хуваарь сонголт онлайнаар явагдана. Шалгалт авагдсан даруйд авсан нь оноо нь өөрийнх нь мэдээлэлтэй холбогдоод элсэх боломжтой сургуулиудын мэдээлэл нь тухайн шалгуулагчид автоматаар ирнэ. Энэ жил аймаг, орон нутагт ЭЕШ-ын комисс ажиллахгүй, бүх зүйл онлайнаар зохион байгуулагдана.

Үндэсний босго оноог өнгөрсөн жил тогтоосон. Үндэсний босго оноо энэ жил өөрчлөгдөөгүй хэвээр явж байгаа. Энэхүү үндэсний босго оноон дээр тулгуурлан их, дээд сургуулиуд өөрсдийнхөө босго оноог зарласан. Үүнд одоо үүсээд байгаа цар тахал болон тухайн сургуулийн сургалтын үйл ажиллагааны онцлогоо хамааран босго оноогоо хэдээр тогтоох нь сургуулийн эрхийн асуудал ”         

Сургууль тус бүр мэргэжлийн хөтөлбөр, онцлогоосоо хамаараад оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулжээ. Тухайлбал зарим их дээд сургуулиуд босго оноондоо өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Одоогоор сургуулиудын босго оноо харилцан адилгүй байна. Зарим сургуулиуд босго оноогоо багасгасан бол зарим нь хэвээр нь үлдээгээд байгаа юм. Энэ жил улсын сургуулиудын босго оноо 480 байх бол хувийн сургууль 410, орон нутгийн сургуулиудын босго оноо 400 байх юм. Үүнээс доош оноо авсан элсэгч их дээд сургуульд орох боломжгүй болж ирэх жил дахин элсэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжтой.

Хэрэв тухайн элсэгч сонгосон сургууль, ангидаа тэнцвэл хүсэлтээ баталгаажуулан сургуульдаа суралцах боломж нь бүрдэнэ. Харин тэнцээгүй тохиолдолд дараагийн хуваарилалтыг буюу үлдсэн сургуулиудын хуваариас сонголтоо хийх юм байна.