УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг ирэх даваа гарагт гардуулна

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцжээ. Улмаар сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргалаа. 

СЕХ УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг энэ сарын 29-ний өдөр гардуулсны дараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. 

Сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явуулж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн хоёр сая гурван мянга 969 сонгогчийн 73.65 хувь буюу нэг сая 475 мянга 895 нь саналаа өгчээ. 

Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41.2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна.