Сөүл рүү дахин нэг нислэг үйлдэж Зүүн Ази дахь монголчуудаа авах саналаа БНСУ-д тавиад байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр цаашид хийгдэх транзит нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Зургаадугаар сард үйлдэгдэх нислэгүүдийн бэлтгэл ажил хангагдаад, амжилттай үргэлжлэн явж байна. Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр орой 19:30 цагт Улаанбаатарт газардана. Уг онгоцоор Монгол Улсын 175 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс дөрөв нь нярай хүүхэд байгаа. Тусгаарлах байрны асуудлыг бүгдийг нь хуваарилан зохицуулсан байгаа.

Мөн зургаадугаар сарын 17-ны өдөр Хойд Америкт байгаа монгол иргэдээ түлхүү татаж авах тусгай үүргийн нислэгийг Сөүл хот руу үлдэж, зургаадугаар сарын 18-нд Сөүл хотод байгаа иргэдийг татаж авах нислэгүүдийн бэлтгэл хангагдаж байна.

Энэ долоо хоногийн хувьд буюу зургаадугаар сарын 12-нд Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэж, тус улсад буй бага насны ламхай нарыг авч ирэх бэлтгэлээ хангаад байна.

Транзит зорчигчийг авахтай холбоотой БНСУ-ын хууль зүйн сайдын шийдвэр гарсан даруйд бид ГХЯ-ны Сөүл дэх элчин сайдын яамаар болон Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай дипломат шугамаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нааштай хариу гарах чигтэй байна. Тухайлбал, зургаадугаар сарын 17-нд транзит зорчигч авах нислэг, 18-нд БНСУ дахь иргэдээ авах нислэг бий. 

Үүнээс гадна Зүүн өмнөд Азид байгаа иргэд маань амаргүй байгаа ба, иргэдээ татаж авах нислэг үйлдэгдээгүй байдлыг бид харгалзан үзэж, Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэж Зүүн өмнөд Азид байгаа Монголчуудаа татаж авах саналаа тавьсан. Яриа хэлцэл ахицтай явж байна. Гэхдээ уг шийдвэр албан ёсоор эцэслэгдээгүй байгаа ч бид найдлага тавин хүлээж байгааг хэлье" гэв.