Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлыг энэ сарын 10-наас өмнө хүлээж авна

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд цахим хуудсандаа байрлуулсан. Сонгогчид нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ ЭНД дарж мэдэх боломжтой.

Хэрэв сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн бол энэ сарын 10-наас өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандах шаардлагатай юм. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 23.1-т "Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана" хэмээн заасан юм. Мөн энэ хуулийн 23.2-т "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна" гэсэн заалт бий.