УОК: Австралиас иргэдээ татах алтан боломж бүрдсэн

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр “Оюутолгой” компани ажилчдаа Австрали улсад хүргэх зорилгоор МИАТ компанийн онгоцыг түрээсэлж, зургаадугаар сарын 6-нд Сидней рүү нислэг үйлдэхээр болсон. Энэ боломжийг бид ашиглаж, Австрали улсад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо. 

Ирж байгаа иргэд маань Шуурхай штабаас гаргасан зөвлөмж, зааврыг чанд сахин биелүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардсан үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Татан авах, тусгаарлалтад байрлуулах зайлшгүй гарах зардлыг мөн төлөх байгаа. Ирээд 21 хоног тусгаарлалтад байж, зөвлөмжийг чанд сахина гэдгийг анхаарах хэрэгтэй.

Өнгөрсөн сард бид “Маскаа зүүе” аяныг хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Ийм уг аяныг үргэлжлүүлж, хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Иргэд хувийн эрүүл ахуйг анхаарч, бусдынхаа эрх ашгийг бодож, амны хаалтаа зүүх шаардлагатай байна. 

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой улс төрийн намуудыг Засгийн газраас гаргасан журмыг дагаж, мөрдөхийг нэр дэвшигчдэд зөвлөж байна. 

Мөн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдэд хандаж хэлэхэд Шуурхай штаб нэг ч өргөдлийг гээгдүүлэхгүйгээр танилцаж, судалж байгаа. Тиймээс дахин дахин өргөдөл давхцуулж явуулахгүй байхыг хүсье. Тухайлбал, нэг өргөдөл 17 удаа давхцаж ирсэн байна. Одоогийн байдлаар бид маш зузаан 75 боть өргөдөл хүлээн авснаас гадна давхардсан өргөдлүүд 23 боть болчихоод байгаа юм. Бид бүх өргөдөлтэй сайтар танилцаж, судалж байгаа” гэлээ.