Налайх-Яармаг чиглэлийн 16 километр дугуйн замын барилгын ажил эхэллээ

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна.

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ. Хэмжилт хийх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж байна. 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра "Налайх-Яармагийн чиглэлийн дугуйн замын хэмжилтийн ажлыг Налайх, Яармагийн болон Гачууртын салдаг уулзвар гээд гурван талаасаа хийхээр төлөвлөсөн.

Дугуйн замыг төлөвлөсний дагуу машин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн хугацаанаас нь өмнө хийж дуусгана" гэдгийг хэлж байлаа.

Хотын дарга С.Амарсайхан “Дугуйн замын ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Туслан гүйцэтгэгч компаниудыг яаралтай ажилд нь оруулж, ажлыг нь эхлүүлэх ёстой” гэв.