Зургаадугаар сард найман нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татаж авахаар төлөвлөжээ

Улсын онцгой комиссын Шуурхайн штабаас мэдээлэл хийлээ. Манай улс гадаадад амьдарч буй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн бусад улс орнуудад оршин суугаа 10583 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ. Харин өнгөрсөн хугацаанд гадаадаас 9068 иргэнээ татан авчээ. Энэхүү ажиллагаагаа цааш үргэлжлүүлж ирэх зургаадугаар сард 2000 орчим иргэнээ татаж авах төлөвлөсөн байна. Нислэгийн хуваариа дараах байдлаар гаргажээ.

Зургаадугаар сарын 10-нд Казахстан

Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн тус улсын 108 иргэнийг хүргээд буцахдаа өөрийн улсын иргэдээ авч ирэхээр төлөвлжээ. Казахстан улсад нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 1097 байгаа аж.

Зургаадугаар сарын 11-нд Япон

Япон улсад амьдарч буй Монгол Улсын 1200 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ.

Зургаадугаар сарын 15-нд Энэтхэг

Энэтхэг рүү нислэг үйлдэж тус улсад суралцаж буй бяцхан лам нарыг авч ирэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ нислэгийн зөөвшөөрлийг хараахан баталгаажуулаагүй байгаа учраас хуваар нь өөрчлөгдөж магадгүй гэдгийг хэлж байлаа.

Зургаадугаар 17-нд БНСУ

Энэ нислэгээр бусад улсаас ирж байгаа иргэдээ БНСУ-аар дамжуулан хүлээж авах юм байна.

Зургаадугаар сарын 18-нд БНСУ

Монгол Улсад амьдарч буй БНСУ-ын иргэдээс нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн олон иргэн байгаа ажээ. Тус нислэгээр энэ иргэдийг хүргээд буцахдаа БНСУ-д амьдарч буй иргэдээ татах авахаар төлөвлөжээ.

Зургаадугаар сарын 19-нд Франкфурт

Европын орнуудад амьдарч буй 2382 иргэн буцах хүсэлтээ гаргажээ.   

Зургаадугаар сарын 25, 28-нд хоёр нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд тухайн үед нь хаашаа нисэж иргэдээ татах вэ гэдгээ шийдэх юм байна.