Зургаадугаар сард бүх нийтээрээ гурван өдөр амарна

Ирэх зургаадугаар сард монголчууд ажлын гурван өдөр бүх нийтээрээ амарна. Тодруулбал:

Зургаадугаар сарын 1 /Даваа гараг/

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдөр.

Зургаадугаар сарын 5 /Баасан гараг/

Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н.

Зургаадугаар сарын 24 /Лхагва гараг/

УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.6-д Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1, 4.1.10-д Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нийг нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж заасан байдаг.

“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлдэг.

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-нд нийтээр амрах тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан. Энэ жил  шинийн 15-н зургаадугаар сарын 5-нд тохион анх удаа бүх нийтээрээ амарна.  

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн хуульчилсан тул зургаадугаар сарын 24-нд бүх нийтээрээ амарч, саналаа өгөх юм.