Б.Ууганбаяр: Улаан-Үдээс 160 орчим оюутан ОХУ-ын хил дээр ирсэн

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Алтанбулагийн боомт дээрээс мэдээлэл хийлээ. Тэрээр “УОК-ын Шуурхай штабаас ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Өчигдөр бид 340 оюутан татан авсан. Татан авах ажиллагаанд төмөр замын байгууллагаас олон улсын галт тэргээр дэмжлэг үзүүлж байна. Одоогийн байдлаар ОХУ-аас эхний оюутнууд орж  ирж байна. Бид нэг вагонд 36 оюутан гэж тооцон тээвэрлэлтийг хийж байгаа. Улаан-Үд дэх консулын газраас ирүүлсэн мэдээллээр 160 орчим оюутан наашаа хөдлөн ОХУ-ын хил дээр орж  ирж байна гэсэн мэдээлэл байгаа. Мөн Эрхүү хотод өнөөдөр өглөө 06:00 цагт 40 оюутан онгоцоор ирсэн гэдэг мэдээлэл байна. Эдгээр хүмүүс наашаа ирнэ.

Бид нийтдээ хоёр өдөр 590 орчим оюутан татан авна гэсэн тооцоо байгаа. Гэхдээ энэ тоо нэмэгдэх хандлагатай байна” гэв.