Хоёр давхар тоосгон байшингийн буурин дээр баригдсан авто зогсоол Чойжин ламын сүм музейн эзэмшлийнх болжээ

Хот байгуулалт хөгжлийн газраас Чойжин ламын сүм музейн тохижилтын талаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийсэн юм. Энэ хуралд тус музейн захирал оролцож нөхцөл байдлаа танилцууллаа.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн "Чойжин ламын сүм 1904-1908 онд Чойжин лам Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээгдсэн. Чойжин лам VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү байгаа юм. 1908 оноос 1930-аад оны сүүл хүртэл 50 орчим хурлын ламтай, хоёр жастайгаар шашин номын үйл ажиллагаа эрхэлж байсан. 1940-1960 онд Монгол Улсад ирсэн гадаадын зочдод үзүүлдэг хаалттай музей байж байгаад 1961 оноос олон нийтэд нээлттэй болсон юм. Энэ утгаараа Чойжин ламын сүм байгуулагдаад 112 жил болж байна. 2018 онд Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музей болсны 80 жилийн түүхэн ой болсон. 

Чойжин ламын сүм музейн эргэн тойронд ямар эрсдэл байгааг 2017, 2018 онд эрдэмтдээр судлуулсан. Эрдэмтэн судлаачдын 2 жил уйгагүй хийсэн хөдөлмөрийн үр дүнд 9 төрлийн судалгаа хийгдсэн. Тухайлбал Чойжин ламын сүм музейн цогцолборын барилга байгууламжийн нөлөөллийн, геофизик, геологийн нарийвчилсан судалгаа хийсэн.

Энэ судалгааг үндэслэн эрдэмтэн, судлаачид бидэнд зөвлөмж гаргаж өгсөн. Үүнд үндэслэн өнөөдрийн үйл ажиллагаанууд явагдаж байна.

2019 онд тус музейн хэрмэн хашаан доторх тохижилтын зураг төслийг батлуулаад явган хүний зүлэг, уран барилга байгууламжийн гэрэлтүүлэг зэрэг олон ажил хийгдсэн.

Энэ төслийн үргэлжлэл болж 2020 музейн урд хэсгийн тохижилтын ажил хийгдэж байна. Музейн эргэн тойронд хувь иргэдийн дан машины зогсоол байдаг. Дэлхийн стандартын дагуу үйлчилгээний байгууллага машины зогсоолтой байх шаардлага тулгардаг. 

Чойжин ламын сүм музейн зүүн талаас Хуримын ордны хойд талаас музей рүү том оврын автобус орох боломжгүй. Жуулчны автобус ирэхээр зогсоолгүйгээс жуулчдыг хурдан түргэн буулгах, сигнал орилох зэрэг хүндрэлүүд байдаг учраас жуулчны байгууллагуудаас машины зогсоолоо сайжруулах хүсэлт их ирсэн.

Музейн баруун, зүүн талд том оврын автобус зогсох боломжгүйгээс Шангри-Лагийн урд талын төв зам дээр жуулчдаа буулгахаар цагдаа торгодог. 

Музейн ажилтнууд уух усгүй, халаалтгүй хүнд нөхцөлд ажиллаж байна Чойжин ламын сүм музейн одоо авто зогсоол хийж байгаа газар 10 гаруй жил хөөцөлдөж явж буулгуулсан тоосгон байшингийн буурь юм. Мөн энэ газар дээр зүлэгжүүлэлт, мод тарих ажлууд хийгдэнэ. Иргэд энэ авто зогсоолыг өөр газрын зогсоол болчихлоо гэж бичээд байна.Буулгасан хоёр давхар тоосгон байшингийн буурин дээр баригдсан авто машины зогсоол нь албан ёсоор музейн эзэмшлийн болж байгааг хэлье.

Чойжин ламын сүм музей БСШУСЯ-ны харьяа төсвийн байгууллага. Төсвийн байгууллага төсөв мөнгөний хязгаарлалттай байдаг. Тиймээс бид хүмүүсийн дэмжлэгтэйгээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж музейгээ хөгжүүлдэг.

Чойжин ламын сүм 112 жилийн өмнө баригдсан учраас төвийн шугам, төвлөрсөн халаалтад холбогдоогүй. Тениэр халаалтаа шийддэг. Бие даасан гүний худагтай. Үүгээрээ ундны, хэрэглээний усаа хангадаг. 2017, 2018 онд хийсэн судалгаагаар энэ гүний худгийн усыг унданд хэрэглэж болохгүй гэсэн. 

2010 онд музейн зүгээс Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргаад усыг шинжлүүлэхэд ууж болох ус гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл судалгаагаар гүний худгийн ус нефтийн агууламжтай байна гэсэн. Музейн ажилтнууд уух усгүй, халаалтгүй хүнд нөхцөлд ажиллаж байна" гэв.