ШУУД: Өндөржүүлсэн бэлэн байдлыг зургаадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанаар CoVid19 халдварын нөхцөл байдал, авч буй хариу арга хэмжээ, гадаадаас иргэдээ татах асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулга хийв. Тэрээр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүд өндөр үр дүнтэй байсныг онцлон хэллээ.  Мөн найм дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс маш өндөр эрсдэлтэй гэж гарсан тул өндөржүүлсэн бэлэн байдлыг зургаадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа.

Тэрээр үргэлжлүүлэн "Эрсдэл улам өндөр байна. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ-ын мэдээгээр, коронавируст халдварын цар тахал 216 улсыг хамарч, таван сая гаруй хүнд халдварлаад байна.  Нийт 99 мянга 30 хүн амиа алдаад байна. Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоогоод байна. Уг халдвар газарзүйн байрлал,  цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй. Залуучууд халдвар авах тохиолдол нь нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаа нь халдварын тохиолдлыг нэмэгдүүлж байна" гэв.