Хамгийн спортлог 5 нэр дэвшигч

Япон улсад төрийн албанд тэнцсэн шинэ ажилтан нэг жилийн дараа жин нэмж таргалбал албан газраас нь сануулга өгдөг гэнэ. Учир нь өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаггүй хүн төрийн хариуцлагатай ажилд  ч мөн цалгар хандана гэж үздэг аж. Сонгуулиар амьсгалж буй Монголын сошиал орчинд Япончуудын төрийн албан хаагчдад тавьдаг дээрх зарчим тренд болж байна. Тэр ч утгаараа энэ удаагийн сонгуульд манай сонгогчид энэ шалгуурыг чухалчлах хандлагатай байна.

Тиймээс Улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа шинэ улс төрчдөөс “ХАМГИЙН СПОРТЛОГ” 5 эрхмийг онцолж байна. Жич: Энэ жагсаалтад мэргэжлийн тамирчид багтаагүй болно.

Хотын "мер" С.Амарсайхан (Багануур, Налайх, Багахангай 21-р тойрог)

Хэд хоногийн өмнө Хотын дарга С.Амарсайхан “Ковид 19” цар тахлын үеийн хөл хорионы дэглэмд байх хугацаанд залуусыг гэртээ байгаа цагаа үр дүнтэй ашиглаж, бие бялдраа хөгжүүлэхийг уриалсан бичлэгийг цахимаар түгээсэн. Энэ бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан даруйд хотын мерийн рейтинг суга өссөн. Яагаад гэхээр С.Амарсайхан дарга их хотын залуусыг бүтээлч байхад уриалахын зэрэгцээ турник дээр суниаж “гайхшруулсан”. Тэр ч бүү хэл түүний өмссөн бариу фудболк нь гэдэсний булчинг, хав дөрвөлжин цээжийг нь тодотгож чадсан юм. Тэгвэл тэрбээр багаасаа бие хамгаалах урлагаар хичээллэсэн спортлог эрхэм ажээ. Түүнчлэн хотын мэр авто болон мото спорт сонирхогч гэнэ.

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг (Сүхбаатар дүүрэг, 24-р тойрог)

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг багын тамирчин хүүхэд байсан. Хөнгөн атлетикийн тамирчин, дунд, их сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээгийн тоглогч байжээ. Тэрээр хүүхдүүдийхээ мөрөөдлийг дэмждэг спортлог ээж. Учир нь, түүний оюутан хүү сагсан бөмбөгийн спортын 1-р зэргийн тамирчин бол 7 настай охин нь волейболын секцэнд явдаг волейболын мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн охин гэсэн. Эдгээрээс гадна нэр дэвшигч бүсгүй маань уулын дугуйн спорт, фитнесээр хичээллэдэг. Атиллагийн жимээр уулын дугуйн клубын гишүүн. 

"Шарк" Г.Амартүвшин (Хан-Уул дүүрэг, 22-р тойрог)

Олны дунд “Шарк” хэмээн танигдсан банкир Г.Амартүвшин дугуйн спортын хорхойтон. Инстаграмм, фэйсбүүкт нийтэлж байгаа зураг, бичлэгүүдээс нь харахад чөлөөт цагийнхаа дийлэнхийг дугуй унахад зориулдаг гэж дүгнэж болохоор. Тэрээр Road Mongolia дугуйн клубын гишүүн. “Зогсолтгүй, шантралгүй зүтгэх сэтгэл зүйн тэнхээг дугуйн спорт надад өгсөн” гэж тэр онцолжээ.

Сангийн Дэд сайд Х.Булгантуяа (Баянзүрх дүүрэг, 23-р тойрог)

Дэд сайд хатагтай хоккей, регби, америк хөл бөмбөг, лакрос, гандбол зэрэг спортоор Австралид сурч байхдаа хичээллэж байсан гэнэ. Одоо харин Х.Булгантуяа триатлоны спортын тамирчин. Триатлоны УАШТ-д тогтмол оролцдог бөгөөд охиноо ч мөн энэ спортын төрлөөр хичээллүүлж 2019 оны Залуучуудын улсын аваргаас охин нь мөнгөн медаль хүртжээ. “Триатлон бол тэвчээр хатуужлын спорт” гэж тэр онцолжээ.

Энхбаярын Батшугар (Сонгинохархан дүүрэг 28-р тойрог)

Уулын спортын тамирчин. Алтай Таван богдын Хүйтний оргил, Отгонтэнгэр хайрханыг эзэлж байсан. Уулын спортоос гадна бодибилдинг фитнесс, дуатлон буюу гүйлт, дугуйн хоёр төрөлт спортоор хичээллэдэг. Түүний аав Н.Энхбаяр триатлоны сонирхогчдын УАШТ-д шагналт 4-р байр эзэлж байсныг уншигчид мэдэх биз ээ.