Дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 120 гаруй байгууллага вакцин бүтээх туршилт, судалгаа хийж байн

Эрүүл мэндийн яамнаас Баасан гараг бүрт дэлхий дахинд хийгдэж буй судалгаа, шинжилгээний тоймыг танилцуулж байгаа.

Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож, тоймыг танилцууллаа.

Тэрбээр "Дэлхий дахинаа коронавируст халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй хийгдсээр байна. ДЭМБ-ын мэдээлсэнчлэн тавдугаар сарын 20-ны байдлаар коронавирусийн халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны нийт 20,275 өгүүлэл хэвлэгджээ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 120 гаруй байгууллага хамтарсан судалгаа, вакцин бүтээх туршилт, 1,621 эмнэл зүйн туршилт судалгааны ажил явагдаж байна.

ДЭМБ-аас вакцин бүтээх 120 гаруй ажлыг таван шалгуураар эрэмбэлэн дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн" гэлээ.

Судалгааны үр дүнгээс тоймлон хүргэвэл,

Их Британи, АНУ, Итали улсын эрдэмтэд 7-17 насны хүүхдүүдийн дунд коронавирусийн халдвартай холбоотой олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрсэн талаар мэдээлсэн. Эдгээр хүүхдэд биеэр битүү тууралт гарах, хүзүү болон хоолойн булчирхай цочих, халуурах шинж тэмдгүүд илэрчээ. Энэ нь коронавирусийн халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа илэрч буй удааширсан хариу илрэл байж болно гэж эрдэмтэд үзсэн байна.

Коронавирусийн халдвар авсан 114 жирэмсэн эмэгтэйг оролцуулан 18 судалгааны ажил хийгдсэн байна. Халдварын улмаас эдгээр эмэгтэйн 91 хувь нь кесар хагалгаагаар төрсөн, 21.3 хувь нь хугацаанаасаа өмнө төрсөн боловч ураг эсэн мэнд төрсөн байна. Коронавирус эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдээгүй боловч төрсний дараах халдвараас сэргийлэх үүднээс нярайг эхээс тусгаарлахыг эрдэмтэд зөвлөж байна.

БНХАУ-ын Ланзоу их сургуулийн судлаачид коронавирусийн халдвар авсан 1,576 иргэний дунд хийгдсэн долоон төрлийн судалгаанд дүн шинжилгээ хийхэд өвчтөнүүдийн 21.6 хувь нь цусны даралт ихсэх, 9.7 хувь нь чихрийн шижин, 5.4 хувь нь зүрх судасны өвчин, 1.5 хувь нь амьсгалын архаг өвчтэй байсан байна. Коронавирусийн халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх магадлал цусны даралт ихсэлттэй хүмүүсийн дунд 2.4 дахин, амьсгалын архаг хууч өвчтэй хүмүүст 2.5 дахин, зүрх судасны өвчтэй хүмүүст 3.4 дахин их байгааг тогтоожээ.

Ирак улсад коронавирусийн тархалттай үед нийгмийн сүлжээ иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Ингээд ард иргэдийн дунд сэтгэл түгшилт үүсгэж байсан нийгмийн сүлжээ нь фэйсбүүк хэмээжээ. Нийгмийн сүлжээ ашиглах цаг нэмэгдэх тутамд сэтгэл түгших хам шинж өндөр магадлалтай байгааг эрдэмтэд тогтоосон байна.