Автобусны буудлуудыг ариутгах, цэвэрлэх ажил Баянгол дүүрэгт үргэлжилж байна

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах чиглэлээр НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой олон ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг нь нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр  угааж цэвэрлэх ажил хуваарийн дагуу  үргэлжилж байна. Тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдөр Баянгол дүүрэгт цэвэрлэгээний ажлыг хийж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон бусад холбогдох албаныхан газар дээр очиж, хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван  талбайг угааж, цэвэрлээд байна.