Цар тахлын үед ажиллаж байгаа төрийн болон тусгай албан хаагчдыг орон сууцтай болгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоо үргэлжилж байгаа.

Өнөөдрийн хуралдаанаар гаргасан онцлох мэдээллүүдээс хүргэе. Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тогтоолыг Засгийн газар баталлаа. Энгийнээр хэлбэл, галын шугаманд ажиллаж байгаа буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч цагдаа, онцгойгийн алба хаагчид, мэргэжлийн хяналт, хил, гаалийн албан хаагчид хамаарна.

Тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг БХБ-ын сайд болон хотын даргад даалгасан. Эхний тооцоогоор 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулах боломжтой гэж үзсэн. Зах зээл дээр бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнуудаас орлогодоо нийцсэн хэлбэрээр сонгож, төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид хамрагдах боломжтой. Гол хэрэгжилтийг НОСК буюу хотын дарга С.Амарсайхан хариуцаж явна. Энэ нь 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаад орон сууцанд орохоос хөнгөвчилсөн нөхцөлтэй гэж ойлгож болно.

НОСК өнөөдрийн байдлаар 3,000 орчим өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох ажлыг амжилттай зохион байгуулаад байгаа.

Санхүүжилтийг Сангийн яам болон Монголбанк хамтраад шийдвэрлэх боломжтой гэж тооцоолсон. Маш ойрын хугацаанд 1,300-1,500 өрхийг орон сууцанд оруулна" гэв.