С.Диордица: Вакцин гаргах хүртэл хязгаарлалтын дэглэмийг чанд сахих шаардлагатай

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч С.Диордица CoVid19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам шуурхай ажиллаж, иргэддээ өдөр бүр мэдээлэл хүргэхээс гадна халдвар гарсан тохиолдолд хариу арга хэмжээ авах бэлтгэлээ хийж эхэлсэн.

Монгол Улсын онцгой комисс хязгаарлалтын арга хэмжээг сайн авсан. Урьдчилан сэргийлэх, дадлага сургуулилалт хийсэн нь бэлэн байдлыг хангахад чухал туршлага болсон гэж үзэж байна. Энэ цаг үед монголчууд эв нэгдэлтэй байж, эмч, эмнэлгийн ажилтнууддаа дэмжлэг үзүүлж, өөрсдийгөө хамгаалахад идэвхтэй оролцож байна. Одоо бид ирээдүйгээ бодох цаг болсон. 215 улсад дөрвөн сая гаруй хүн шинэ коронавирусээр халдварлалаа. Бид олон мянган хүнээ харамсалтайгаар алдлаа. Энэ цаг үед иргэд халдвараас сэргийлэх дэглэмийг чанд мөрдөх нь чухал. Хүн бүр цар тахлын өмнөх үе шиг нөхцөлд байхыг хүсэж байгаа. Гэхдээ вакцин гаргах хүртэл хязгаарлалтын дэглэмийг чанд сахих шаардлагатай байна.

Өнөөдрийн миний мэдээлэл хийж байгаа шалтгаан нь эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, хариу арга хэмжээний багийнхан гээд өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байгаа хүмүүсийн нөр их хөдөлмөрийг худал, ташаа мэдээллээр үгүйсгэж байгаатай холбоотой.

Хязгаарлалтын арга хэмжээнүүд зөвхөн таныг төдийгүй улс орон, нийгмийг хамгаалах зорилготойг анхаараарай. Удахгүй зун болно. Хэн бүхэн гарч, зугаалж, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ цар тахлын үед хязгаарлалтын дэглэмээ сахихыг уриалж байна.

Монгол Улсад жил бүрийн арваннэг, арванхоёрдугаар сард улирлын томуугийн дэгдэлт гардаг. Олон хүн Монгол Улсад коронавирусийн халдвар хэдийнээ орж ирсэн гэж ярьж байна. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй гэдгийг онцлон хэлмээр байна. CoVid19-ийг 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө таньж мэдээгүй байсан. Олон хүн дархлаа тогтсон гэж өөрийгөө болон бусдыгаа аюулт байдалд оруулж байна. Тиймээс коронавирусийн халдвараас дутахгүй аюул тарьж мэдэх худал мэдээллийг бусдадаа тараахгүй байх, албан эх сурвалжийн мэдээллийг авч байхыг та бүхнээс хүсье.

Өчигдрийн байдлаар Монгол Улсад 98 тохиолдол бүртгэгдлээ. Бид эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа. Тиймээс хязгаарлалтын арга хэмжээгээ авах нь зөв.

Эцэст нь, коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэмээр байна” гэлээ.