АХ НАМ МАНЛАЙЛАГЧ БҮСГҮЙЧҮҮДЭЭ ТӨРД ИЛГЭЭЖ МАГАДГҮЙ

  УИХ буюу ард түмний төлөөллийн танхимд “манлайлагч” эмэгтэйчүүдийн орон зай аргагүй үгүйлэгдэж байна. 2016 оны УИХ-ийн сонгуулийн үр дүнд 13 эмэгтэй гишүүн парламентад сонгогдсоны 12 нь МАН-ынх байсан бол Ардчилсан намаас ганцхан эмэгтэйд ард түмэн итгэл хүлээлгэсэн байдаг. УИХ-д 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын эмэгтэй гишүүд харамсалтай нь хийж гавьсан зүйлгүй сонгуульт хугацаагаа дуусгаж байна. Боов идэж, бохь зажилж, сонгогчдоо загнаж, барин тавин орон гаран зүйл ярьж, тендэр завшиж, төрийн мөнгийг хувийн банктайгаа залгисан эмэгтэй гишүүд нь эрх баригч намын рейтингийг навс унагав. Үнэндээ эдгээр эмэгтэйчүүдээс ганц гялтайж буй нь өнөөгийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл. Мэргэжлийн бус, намын шахааны хүн гэх зэрэг олон шүүмжлэлийг тэрээр өнөөдөр хийж байгаа үйлдлээрээ няцааж чадлаа. Дэлхий нийтээр коронавирус хэмээх аймшигт цар тахалтай тэмцэж, хамгийн хүчирхэг гүрнүүд хүртэл хоёр гараа өргөн бууж өгч байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн толгойлсон салбарын хамт олны хүчээр Монгол улс цар тахлыг дотооддоо алдаагүй тавхан улсын нэг болж, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд нь өдөр бүр эдгэсээр байгаа бахдам гавъяаг байгуулж, ард түмний хайр хүндлэлийг хүртээд байна. Төрийн хэргийг засан чиглүүлэхэд эмэгтэй хүн, эх хүний хүч нөлөө, хатан ухаан хэчнээн хэрэгтэй байсныг бидний түүх гэрчилнэ. Өэлүн эх, Мандухай сэцнээс эхлээд үеийн үед манлайлагч эмэгтэйчүүд асар том орон зайг эзэлж байв. Өнөө үед ч төрд эмэгтэйчүүдийн орон зай хэрэгтэй юу гэвэл хамгаас хэрэгтэй. Эмэгтэй хүн хүүхэд гаргаж, нөхрийнхөө хоолыг бэлдэж гэртээ суух ёстой гэсэн явцуу бодлыг халж, хүүхнүүд ч эрчүүдийн нэгэн адил төрийн хэрэгт хүчин зүтгэж чаддагийг харуулах шаардлагатай. Гэвч хувийн бизнесээ цэцэглүүлж ,өөрийн хөрөнгөө арвижуулахаар бус ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх, мэдлэг чадвартай, санаачлага зүтгэлтэй эмэгтэйчүүдээр Монголын төр дутагдаж байна.

        Эрх баригч намын тухайд ч энэ удаагийн УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдэд 20 хүртэлх хувийн квот олгох талаар яригдаж байна. Хэрэв Д.Сарангэрэл сайд шиг удирдан зохион байгуулах чадвартай, мэдлэг боловсролтой эмэгтэйчүүдийг дэвшүүлэх аваас ард түмэн хайр хүндлэлээ харамгүй хүртээн, сонголтоо хийх биз ээ. МАН-аас УИХ-д нэр дэвших магадлалтай гэгдэж байгаа хуучин гишүүдийн дийлэнх нь ямар нэг байдлаар авилга албан тушаалын хэрэгт холбогдсон. Эмэгтэй гишүүд нь ч мөн дээрх хэл амыг тойроогүй бөгөөд намын даргын хэлсэнчлэн “Итгэл даах, ирээдүйтэй, нэр цэвэр, мэдлэг боловсролтой, шилдэг залуу” боловсон хүчнүүдээ сойхгүй бол ах намд энэ удаад ард түмэн хасах оноо тавихад бэлэн байгаа.

       У.Хүрэлсүх сайдын шалгуурт нийцэх, бусад горилогчдыг ардаа хол хаяхаар хэмжээний, Ардын намын эмэгтэйчүүдийн байгууллагаас төрөн гарсан шилдэг залуу боловсон хүчнүүдээр одоогийн байдлаар Эдийн засгийн ухааны доктор, профессор Чинбатын Ундрам, “Стратеги” академийн захирал, улстөр судлалын ухааны доктор Цэрэнжамцын Мөнхцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарын нэрс дээгүүрт бичигдэж байгаа сурагтай. “ХБНГУ, Австрали, АНУ, Арлын Япон улсад боловсролын зэрэг хамгаалсан, ардын хүүхдүүдийг сургаж бэлтгэхээс эхлээд чимээгүйхэн ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн эдгээр залуу эмэгтэйчүүдийн туршлага, боловсрол төрд нэмэр болох нь гарцаагүй” хэмээн намын ах нар нь ч ам сайтай байгаа гэсэн шүү…