Гадаадад байгаа COVID-19-ийн халдвар авсан 13 нь монгол хүн эдгэрсэн

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 215 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж 4.1 сая хүн өвчилж, 1.4 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 2.4 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 76 мянган хүн шинээр COVID-19-халдвар авч, 3000 хүн нас баржээ.

Одоогоор 986 хүн ажиглалтад байна. Ажиглалтын байранд 26 резидент, нэг их эмч ажиллаж байна.

Өчигдөр 15 чиглэлийн галт тэргэнд 4800 иргэнд эмч нар хяналт тавьж ажилласан. Энэ үед иргэдээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

Манай улсын хувьд коронавирусийн онош батлагдсан 42 тохиолдол бүртгэгдэж, 14 нь эмчлэгдэн дараагийн шатны хяналтад шилжсэн бол 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Бүх тохиолдлууд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байгаа.

24 цагт 119 дугаарт 166 дуудлага ирж, коронавирусийн зөвлөмж, зөвлөгөөг авсан. Шуурхай 119 гэсэн мобайл аппликейшныг ашиглан 4 улсаас 7 иргэн хандаж зөвлөгөө авсан

Өнгөрсөн хугацаанд гадаадад байгаа 30 монгол иргэний коронавирусийн шинжилгээ эерэг гарсан. Тэд утсаар холбогдон зөвлөгөө авсан. Одоогоор 13 хүн эдгэрч хэвийн амьдралдаа орсон. Бусад нь дандаа гэрийн дэглэмд байна” гэв.