ЕХ-ноос Монголыг хар жагсаалтад оруулснаа албан ёсоор зарлалаа

Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтад оруулж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтад Монголоос гадна Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэх 12 орныг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзжээ. 

Европын Комисс өчигдөр  ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ албан ёсоор танилцуулсан байна. Тус цогц арга хэмжээнд бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулснаас гадна ирэх нэг жилийн хугацаанд дээрх гэмт хэргүүдтэй тэмцэх журам, хяналт тавих зохицуулалтуудыг тусгажээ.

ЕХ-ноос өчигдөр олон нийтэд зарласан хар жагсаалтад 12 улс шинээр нэмэгдсэн бол Босни Герцеговин, Этиопи, Гуяана, Лаос, Шри Ланк, Тунис гэсэн зургаан улсыг хар жагсаалтаас хассан байна.

 “Хар жагсаалт”-д орсноор:

Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд эдгээр орнуудтай харилцаж буй үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, хяналтаа нэмэгдүүлж эхэлнэ.

Энэ жагсаалтад багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох

Европын Холбооны банкууд болон бусад санхүү, татварын фирмүүд эдгээр улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах шаардлагатай болно.

Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болно

Зээлжих зэрэглэл буурах магадлалтай зэрэг шууд эрсдэлтэйгээс гадна шууд бус олон эрсдлүүд хүлээж байгаа юм.