Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцлөө. Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд ОБЕГ-ын дарга Т.Бадралыг томилох, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, түүний оронд БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Н.Эрдэнэтуяаг томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ.

УИХ Т.Бадралыг БНХАУ-д, Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Элчин сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч эцэслэн томилдог юм.

Элчин сайдад нэр дэвшигчдийн намтрыг танилцуулъя.

Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал

Эзэмшсэн мэргэжил:

1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль,

1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр,

1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн.

Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

1994 оноос Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал,

2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,

2005 оноос ОБЕГ-т хэлтэс, газрын дарга, дэд дарга,

2015 оноос ОБЕГ-ын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа

Эзэмшсэн мэргэжил:

1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль,

2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн.

Солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой.

Ажилласан байдал:

1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн,

1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн дарга,

2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байна.