АНУ 8.3 тэрбум төгрөгийн төслийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Сангийн яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (ОУХА) хооронд байгуулсан хоёр талт тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 8.3 тэрбум төгрөг (гурван сая ам.доллар)-ийн нэмэлт тусламжийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээ АНУ-ын Засгийн газар мэдэгдэв. Уг тусламж нь сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн энэ чиглэлээр шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэх аж. ОУХА-аас Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллыг дэмжих чиглэлээр 2004 оноос хойш үзүүлж буй дэмжлэгийн нийт дүнг 342 тэрбум төгрөг (123 сая ам.доллар) болж байгаа билээ.

Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл Клечески “АНУ болон Монгол Улс нь Монгол Улсын, мөн цаашлаад Номхон далайн бүс нутгийн энх тайван, ардчилал, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах хүчирхэг түншүүд билээ” гэв. “Коронавирус цар тахлын үед Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнол, бүх талын оролцоот хувийн хэвшлийн тогтвортой хөгжилд АНУ урьдынхаас илүүтэйгээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” хэмээн Элчин сайд нэмж хэллээ.