Б.Сэргэлэн: Хун хэзээ ч ганцаараа нисдэггүй...

-Дэлхийн театрын өдөрт зориулав-

Ярилцлагын зочин маань дотоод ертөнцийнхөө талаар их зүйл ярьдаггүй нэгэн. Энэ нь түүний балетчин мэргэжилтэй холбоотой болов уу хэмээн эхэндээ боддог байлаа. Гэвч түүний ертөнц рүү нэвтэрнэ гэдэг яг л театрын бүрэнхий бас уртаас урт хонгилоор эрж, хайж бэдэрч явсны эцэст хаалгыг арай гэж олон амьсгаагаа даран, хувцас өмсгөлөө янзлаад, бага зэрэг эмээсэн байдалтай хаалгыг нь нээхтэй адил... Сонгодог урлагийн жинхэнэ классик хатагтай нар ер нь л нэг иймэрхүү. Тэд хаалттай хүмүүс байдаг ч, заримдаа нээж бас болдогийн илэрхийлэл энэхүү ярилцлага болсон юм.

Хатагтай Б.Сэргэлэнтэй, би бээр одоогоос хоёр жилийн өмнө “Хун хэзээ ч ганцаараа нисдэггүй...” хэмээх ярилцлагыг хийж “Оpen Door” хэмээх долоо хоног тутам гардаг сониныхоо анхны дугаарт нийтэлж байв. Энэ ярилцлага тухайн үедээ, одоо ч мэргэжлийн урлагийн хүмүүсээс өндөр үнэлгээг авдаг. Мөн тус ярилцлагын сэдэв санаа хэзээ ч хуучраагүй, хуучиршгүй шинж чанартайгаараа яг л театр шиг...

Театр гэдэг нь харах, үзэх гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Эхэн үедээ дуурь, балет нь ихэс, дээдсийн хүрээнд зохион байгуулдаг зугаа цэнгэл байсан бол 1637 онд Венец хотноо анхны театр байгуулагдсанаар дуурь, балет нь олны хүртээл болж эхэлсэн байна. Манай улсын хувьд 1927 онд “Ардын цэнгэлдэх хүрээлэн”-г барьж байгуулснаар сонгодог урлагийг хөгжүүлэх суурь тавигдсан хэдий ч мэргэжлийн боловсон хүчин хангалттай төрөн гараагүй байв. 1931 онд сонгодог урлагийг мэргэжлийн төвшинд хүргэх зорилгоор Улсын төв театрыг байгуулсан байна. Харин Олон улсын театрын институт 1961 онд Дэлхийн театрын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдөр тэмдэглэж байх саналыг гаргажээ. Тиймээс жил бүрийн энэ өдөр дэлхийн олон оронд театр урлагийн зүтгэлтнүүд баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, бүтээл туурвилаараа үзэгч түмэнтэйгээ учран золгож баяр, бахдлаар дүүрэн өнгөрүүлдэг уламжлалтай ажээ.

Хөгжим, бүжиг, уран зураг гээд сонгодог урлагийн бүх л төрөл театрт бий. Тэр ч байтугай хувцас загвар, гоо зүй, гоо сайхан, өндөр дээд ёс суртахуун хүртэл театр хэмээх их өргөөний үүдээр нь ормогц мэдрэгдэнэ.

Түүнийг Дуурийн театрын захирал байхад бид ийм илэн далангүй ярилцаж амжаагүй. Манай  нийгэмд төдийлөн анзаарагдахаа байсан гоо зүй, ёс зүйн  сэдвээр ярилцахсан, санал бодлыг сонсохсон гэж хүсдэг байв. Хүн төрөлхтөний суут бүтээлүүд бидэнд хөгжим, уран зураг, дуурь, балетын хэлээр ирэхдээ хичнээн өндөр ёс суртахуун, гоо сайхныг хэрхэн яаж өгдөг  тухай хөөрөлдлөө. Мөн балетын хувцас, хүмүүсийн хувцаслах, алхах, гишгэх гоо зүйн талаар ч ярилцаж амжлаа. Энгийн боловч ёс зүй, гоё сайхны зөвлөгөөгөөр бидний ярилцлага дүүрэн… Тийм ээ, тэр бол Б.Сэргэлэн.

-Урьд өмнө нь төдийлөн хөндөгдөөгүй сэдвээр та бид ярилцах нь.Балетын хувцас загвар нь бусад урлагийн тайзны хувцаснаас гойд онцгой гоё дэгжин байдаг.Яагаад бусдаас онцгой сайхан байдгийг та гоо зүйн талаас нь хэлж өгч болох уу?

-Гоо зүйн урлагийг дээдлэгч хүмүүст болон танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Хувцас  бол  хүн төрөлхтөний хөгжлийнхөө түүхэнд бүтээсэн гайхамшигт зүйлсийн нэг.  Яагаад ч юм  нүдний харц хүнээс нь илүү хамгийн түрүүнд хувцас руу нь тусдаг нь нууц биш. Оффисын ажилчид хөвөнтэй дээлтэй эсвэл гоёлын даашинз өмсөөд ажилладаггүй. Үүнтэй адил мэргэжил бүр өөрийн хувцасны өнгө төрх, түүх намтар, үнэ цэн, стандарттай  байдаг. Ялангуяа тайзны урлагийн болон спортын төрлийн хувцаснууд зөвхөн эздээ чимж, үзүүлбэрээ чадварлаг техниктэй харагдуулахаас гадна шүтэн бишрэгч, үзэгчдийн мэлмийг баясгадаг.Энэ нь загварын том үзүүлбэр байдаг. Олимп эхлэхээс өмнө  дэлхий даяараа тамирчдын хувцасны тухай шуугиж, хооронд нь өрсөлдүүлж, өөрсдөө өмсөөд алхаж байгаа мэт баярлацгаасан. Энэ утгаараа спорт, балетын гээд нарийн мэргэжлийн хувцаснууд бусдаас арай илүү  өртөг үнэтэй, онцгой шийдэлтэй, загвар зохион бүтээгчдийн ур чадвар, технологийн дэвшлийг шингээсэн байдаг. Балетын урлагийн хувцас 500 гаруй жилийн түүхтэй.Олон ч шүүмжлэл, бэрхшээл, баяр хөөрийг өөртөө шингээсэн өвөрмөц ертөнц. Хөгжмийн урлагийн тусламжтайгаар, дүрслэх урлагийг өөрийнхөө биеэр зурахыг балетын урлаг гэж нэрлэдэг.Хореограф гэдэг шүү дээ.Хореография гэдэг үгийн орчуулга нь – биеэр урлан зурахуй. Тэрхүү биеийн илэрхийллийг тод болгохын тулд хувцас нь бүжигт эхлээд хөнгөн, тансаг байж, улмаар хөдөлгөөний хүнд элементүүдийг гүйцэтгэхэд  хамтдаа бүжиглэдэг туслах нь мэт байх ёстой. Учир нь  спорт, балетын хэрэгслүүд зөвхөн өмсгөлийн төдийгүй, хамгаалалтын онцгой ид шидтэй байдаг. Балетын хувцас бол балетыг, балетчидыг тодруулж  өгдөг өнгийн харандаа.

-Балетчид биеийнхээ галбирт анхаардаг, модон хэллэгээр бол биетэйгээ ихэд ажилладаг хүмүүс байдаг. Тэгвэл энгийн хүмүүс өдөр тутамдаа өөрийн  биетэйгээ ажиллах хамгийн энгийн арга юу байж болох вэ?

-Мөрөө буулгаад, гэдсээ татаад, өвдгөө тэнийлгэ.Энэ бол өөрийн биетэйгээ ажиллах эхний арга.Цэгцэрсэн биен дээрх ямар ч хувцас гоё харагддаг.Хувцас бурхан бие чөтгөр гэдэг үг балет дээр бүжгийг зуран урлаж буй бие бурхан гэдгээр илэрхийлэгддэг.

-Тайзнаас үзэх балет нь үзэгчдийн өмнө амилахдаа нэг кино хийхээс ч илүү ажиллагаа шаардагддаг  юм шиг санагддаг. Энэ үйл явц хэрхэн өрнөдөг юм бол?

-Балет төрөх эхний сэдэл зохиолоос(либретто) гарна. Либретто-д тулгуурлаж хөгжмийн зохиолч, балетмейстер хоёр  хөгжим хөдөлгөөн хоёрын хослолыг утгажуулснаар балет хэмээх үлгэр маань амилдаг. Ерөнхий зураач тайзны эскиз, макетаа гаргадаг. Макетыг амьдруулах, хүүхэлдэй хийх хүн нь  конструктор зураач. Конструктор зураач эхлээд хувцасныхаа ерөнхий эскизийг гаргана.Хувцсаа урлахаас өмнө энэ балетад ямархуу дүр төрхтэй хүн бүжиглэх сонголтыг балетмейстертэй зөвлөлдөн зургаар илэрхийлнэ.Балетын ихэнх үзэгдэл үлгэр байдаг нь бүтээгчдээс өндөр ур чадвар, амьдралаас алс сэтгэмж, тухайн эрин зууны түүх соёлын өвтэй судалгааны эрэл хайгуулыг мэргэжлийн өндөр төвшинд үзүүлэхийг шаарддаг.Ер нь ихэнх балетын үйл явдал хааны ордонд өрнөдөг.Хааны ордныхны хувцас маш нүсэр, тансаг чамин, алт мөнгө, эрдэнэсээр чимэглэгдэх нь ойлгомжтой.Балетын хувцас урлаачдын хувьд материалын сонголт гэдэг хувцсыг оёхоос илүү чухал даалгавар байдаг.Тайзны урлагийн нэгэн том ид шид нь гэрлийн эффект, бүжигчинтэйгээ цуг хөдөлгөөний хурд, хүч, чадвар хөгжмийн хэмнэлд эргэлдэх. Гэрлийн тусгалыг шингээж,  чамин харагдаж, эзэндээ хөнгөн, эвтэйхэн, хөдөлгөөний үсрэлтийг урнаар гаргахад зохицсон  хувцас балетын гэсэн тодотголыг сая олж авдаг.

-Балетчидын хувцас эрээн мяраан, өнгө алагласан байхыг тайзнаа харж байгаагүй юм байна.Балетын өнгө гэж байдаг бол тэр нь яахын аргагүй сонгодог өнгө болж таарах байх.

-Балетын бэлтгэлийн хувцасны өнгө гэхэд эхлээд цав цагаан,  дараа нь ягаан,  тэгээд хар, төгсөх ангидаа биений өнгөтэй байх ёстой. Тоглолтын костюмны хувьд дүрийн онцлогоосоо хамааралтай, ихэвчлэн завсрын өнгө ноёрхдог.

-Цагаан, ягаан, хар… төсөөлөөд бодсон чинь нээрэн бэлтгэлээ хийж байгаа балетчид санаанд бууж байх шиг.Эдгээр өнгийг балетад сонгодог нь учиртай байх, тийм үү?

-Ихэнх хүн хар хувцас туранхай харагдуулдаг гэж боддог. Эсрэгээрээ хар өнгө  хүний биеийн галбирын бүх өө сэвийг гаргаж ирдэг. Тиймээс  балетчидын биеийн өө сэвийг нь харах гэж дунд ангид нь хар өнгийн купальник өмсгөдөг.

-Өнгө хүний сэтгэл санааны илэрхийлэл болж чаддаг болов уу.Энэ нь балетад бас хэрхэн илэрхийлэгддэг юм бэ?

-Энэ нь дүрслэх урлаг, шинжлэх ухаанаар батлагдсан зүйл.Нов ногоон өнгийн өмсгөл өмсчихөөд, би хар санаатай чөтгөрийн дүрд тоглоно гээд яаж зогсох вэ дээ. (инээв) Ойн савдаг, Вивалди-гийн дөрвөн улирлын зун цагийг л илэрхийлэх байх.  Хар, цагаан үргэлж хамтдаа хослол болон будгийн ертөнц, бидний амьдралд мөнхөрсөн. Балетын  тайзны хар, цагаан хун бол үлгэр.

П.И.Чайковский амьд­ралдаа гурван гайхамшигтай үлгэрийг бүтээсэн.  “Хунт нуур”, “Нойрссон гүнж”, “Щелкунчик”. Хөгжмүүд нь  утга санаагаа бүжигтэйгээ энэ зэрэгцэхээр илэрхийлж чадсан санагддаг. Гэхдээ “Хунт нуур” балетын өнгө нь  хар-цагаан биш, яаж ч бодсон цагаан-цэнхэр өнгөөр илэрхийлэгддэг. Хүйтэн…

 -Хүйтэн гэдэг нь?

-Хөгжмийн хувьд сайн мэдэрвэл хүйтэвтэр.Мэдээж шүү дээ, хүнийг хун болгочихож байгаа юм чинь.  Хар, цагаан хунгийн дүрийг ганцхан балетчин бүжиглэх ёстой байдгаараа “Хунт нуур” бүх балетчидын шүүсийг, шүлсийг  гоожуулж байдаг бүтээл.  Гол асуудал нь дээр дурдсан хар-цагааны хослолыг үзэгчдийн таашаалд хүргэж, шүтэн биширтэл нь гүйцэтгэхэд оршдог. Холливуд балетын  амьдралыг киноны хэлээр өгүүлснээр энэхүү бүтээл нь  сүүлийн үеийн үзэгчдийн  тоог эрс нэмэгдүүлсэн статистик гарсан. Гэвч хэтрүүлэг ихтэй,  харгис тал руугаа гэх зэргээр “Хар хун” киног тойрсон шүүмжлэлүүд ч сүүдэр мэт дагадаг .

-Тэгвэл  “Хар хун” кино бүтээлд өгүүлсэн бүхэн балетын бодит амьдралын үнэнтэй хэр нийцэх вэ?

-Энэ хариултыг хариулахгүй байж болно биз дээ.

-Хүмүүсийн гоо зүйн таашаалын хувьд нэг нэгнийгээ дууриах, туйлшрах хандлага байдаг.

-Тэр дандаа л байдаг шүү дээ.

-Саяхан нэгэн эрхэм “Хар хун” кино бол гоо сайхан, төгс төгөлдрийн дээд нь гэж хэлж байсан. Төгс төгөлдөр гэдэг зүйл байдаг юм бол театраас, дэлхийн сонгодогуудтай, эх бүтээлүүдтэй ойрхон байж магадгүй юм ч  шиг. Театрт олон жилийг өнгөрүүлсэн хүний хувьд та төгс төгөлдрийг тэндээс олж мэдэрсэн үү?

-Мэдээж өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарынхаа тухай хүмүүст мэддэг зүйлээ хэлж, тайлбарлаж, сурталчилж бусдад өвлүүлэх нь бидний үүрэг.Гэхдээ зарим нэг нууц гэж байна.Энэ нууцыг та мэдэж чадсанаараа л тухайн урлагтаа үнэ цэнтэй оршдог.Харин төгс төгөлдрийн нууц нь цаг хугацаа, тэвчээр, ур ухааны чадвар, хөгжлийн дэвшилтэт үзүүлэлтүүд болов уу.

-Дуурийн театрын үүдээр ормогц, таны хэлснээр “ажилласан” биен дээр сайхан хувцсаа өмсөөд үзвэрт ирж буй зочдыг угтан зогсч байдаг театрын захирал байх үеийн тань дүр төрхийг санаж байна.Ингэж зогсохдоо та театрт ирж буй зочдын хувцаслалт, гоо зүйн таашаал зэргээс ямар нэгэн “хэлбэр” хөөсөн зохимжгүй зүйлсийг олж хардаг байв уу?

-Хэлбэр гол төлөв түр зуурынх байдаг. Агуулга  бол агуу зүйл. Би хэлбэрийг нэг их ойшоодоггүй, харин  агуулга дээр тулгуурлаж  менежментээ хэрэгжүүлдэг учраас хэлбэрээс хэзээ ч айж байгаагүй. Хэлбэр бол байх ёстой, одоо ч байгаа, цаашдаа ч байх зүйл.

-Сонгодог  урлаг, балетын хувцас, зэрэг энэ бүх сэдвээсээ жаахан холдоод нэг зүйлийг танаас асууя. “Хэлбэрдсэн” хувцаслалт гэвэл та яаж хувцасласан хүнийг хэлэх вэ?

-Хувцас бол тухайн нийгмийн үзэгдэл. Үргэлж өөрчлөгдөж байдаг ч мода дандаа  эргэж байдаг. Хувцасны загвар маргааш биш  гэхэд нөгөөдөр эргээд л давтагдана. “Манай эмээ л намайг жаахан байхад нэг иймэрхүү юм өмсдөг байсан” гэж  хүмүүс ярьдаг даа. Өнөөдөр түүх соёлтойгоо  холбоотой, ээж аав, эмээ өвөөгийнхөө хэрэглэж байсан зүйлсийг үргэлжлүүлэх юмсан гэсэн тал дээр илүү их анхаардаг болсон нь анзаарагддаг. Энэ нь хувцаслах урлагийн үнэ цэнийг олохыг эрмэлздэг болсонтой холбоотой ойлголт.Арван эмэгтэй нэг ижил даашинз өмссөн ч тэд хоорондоо яг ижилхэн хэзээ ч харагддаггүй.Харин тэд арвуулаа адилхан зүйл өмсөхийг үзэн яддаг.Даашинз хүн бүрт өөр харагддаг учраас тэр хэлбэр нэг их сонин биш.Хамгийн гол зүйл нь агуулга, хувцсыг өмсөх хүн нь өөрөө.

-Хувцас нь биш хүн нь гэж үү?

-Тийм. Хувцас үүрнэ гэдэг хүний маш том үүрэг юм биш үү.

-Балетын хувцсыг харахад тэндээс олон зүйл олж харж болох юм шиг санагддаг.Хувцаслах эмх цэгц, ёс суртахуун балетын хувцас дунд байдаг тийм үү?

-Тайзны хувцасны загварууд гол төлөв перфектизм (төгс төгөлдөр) рүү чиглэсэн байдаг.Мэргэжлийн өндөр төвшинд бүтээгдсэн зүйл л сая перфектизм рүү жаахан ойртдог.Этика, эстетика буюу гоо зүй, ёс зүйн хүмүүжлийг балетын хувцас өөрөө хүнд өгч байдаг.Ямар ч хүн балет үзээд театраас гарахдаа бие тэнэгэр, харц нь арай дээгүүр болсон нь ажиглагддаг.Ер нь энэ жанр нь харж баясдаг урлаг. Яг тантай адилхан хүн танд зориулж төгс урлагийг бүтээж буй  болохоор, та түүнийг үзсэнийхээ төлөө, театрт очсоныхоо төлөө өөрийгөө хүндэтгэж, толинд  арай өөр нүдээр харах хүсэл төрдөг.

-Хувцасны тухай хувь хүний ойлголтыг тань сонирхвол?

-Би хувцас судлал, бүтээдэг мэргэжил эзэмшээгүй.Миний ээж үслэг эдлэлийн загвар зохион бүтээгч, эмээ маань үсчин, малгайн оёдлын мастер.Харин намайг өсгөсөн элэнц эмээ маань тоорцгоо өөрөө оёж өмсдөг, аавын маань анхны сонгосон мэргэжил шилээр урлах.Эдгээр олон хүчин зүйл надад гоо зүйн, хувцасны ертөнцийн анхны суурь боловсролыг бүр багаас минь олгосон.Тиймээс хувцасны мода сонгох, өнгө зохицлыг мэдрэх тал дээр давуу байх.

-Энэ энгийн асуулт.Гэхдээ л хүмүүст хэрэгтэй байж магад.Театрыг зорих хүмүүс ямар хувцас өмсөх нь зохимжтой вэ?

-Үүнд хариулахын тулд эхлээд өөрийнхөө тухай товчхон өгүүлье. Миний бие  ОХУ-ын балетын академийг найман жил суралцаж дүүргэсэн. Анхны хичээл театр өлгүүрээсээ эхэлдэг гарчигтайгаар эхэлнэ дээ. Балетын сургуулийн амьдрал эхэлсэн мөчөөсөө тухайн орон нутгийн театртай шууд холбогддог бичигдээгүй хуультай, чөлөөт цагаараа зөвхөн балет үзэхээс гадна  театрт үйлчлүүлж байгаа үзэгчдийг судлуулж, тэднээс суралцахыг шаарддаг байсан.  Монголчуудын хувьд театрын соёлын тухай ойлголт орос школтай гэдэгтэй хэн ч маргахгүй хэдий ч, өнөөдөр дэлхийн аль ч театрт үйлчлүүлэх соёлтой болцгоосон гэж боддог.Театрын ертөнцийн ойлголт, түүний мөн чанар, уламжлал, дэг ёс, соёл, түүх намтар дэндүү баялаг учраас энэхүү танин мэдэхүйн аялал нь маш олон жилийн турш үргэлжилдэг.Эртний Грекийн гүн ухаантан, хүн судлаач агуу Сократ үргэлж хөл нүцгэн явдаг байсан ч, харин театрт зочлохдоо сандаалаа өмсөж ирдэг байсныг театр судлаачид үргэлж онцолдог нь учиртай. Таны асуултад хариулсан гэж бодож байна.(инээв)

-Балетчид тайзнаа гарахын өмнө хөдөлгөөн дээрээ анхаарахаас гадна  сэтгэл санаагаа төвлөрүүлэх хэрэг гардаг байх?

-Тайзны урлагийн жүжигчин гол дүрд тоглохын тулд  супер “эго” байх шаардлага тулгардаг. Сүүлийн үеийн шилдэг балетчид өөрийгөө бусдаас тусгаарлахын тулд иогоор  хичээллэх болсон. Шинэ тоглолтод гол дүрд тоглох дөхөөд ирэхээр тухайн жүжигчин нэг бол муухай ааштай  эсвэл дуу нь гарахаа болиод ирдэг. Жүжигчин ганцаараа байж дотор хүнтэйгээ байхыг эрхэмлэдэг.Гаднын улс оронд балетчид их орой гэрлэдэг. Учир нь  гэр бүлтэй болоод олон хүнд хүчээ хуваарилаад ирэхээр нөгөө гоё, төгс төгөлдрийг гаргах гээд байгаа энерги нь багасдагтай холбоотой.

-Балетчид нээлттэй байж болдоггүй гэсэн үг үү?

-“Примадонна” болсон уран бүтээлчид гол төлөв их дуу цөөтэй хүмүүс байдаг.Зөөлөн ултай гутал, биед эвтэйхэн, дулаахан хувцсыг сонгодог.  Ихэвчлэн нүүрэндээ оо, энгэсэг тавьдаггүй.Учир нь тайзан дээр гарахаас бусад үед бүх зүйлээ амрааж байдаг.

-Тайзнаа гарахаас өмнө сэтгэлзүйн байдлаараа өөрийгөө бусдаас холдуулж чадсан гол дүрийн балетчин тайзан дээр гараад яаж харагддаг вэ?

-Тайзны урлагийн хамгийн аймшигтай нь уран бүтээлчийг  алган дээрээ байлгаж байгаа мэт бүх зүйл нь ил харагддаг. “Од” төрдөггүй.Авъяас заяадаг.Авъяасыг хайрлах хэрэгтэй.Түүний эзнийг хөгжүүлж, бас хүмүүжүүлэх хэрэгтэй.

-Тэгвэл үзэгчийн зүгээс театрт ороход ямар нэгэн сэтгэлзүйн бэлтгэл хийх хэрэгтэй байдаг болов уу?

-Үнэнч үзэгч  хүссэн хүсээгүй хүмүүжигддэг. Тархи удирдаж, хөл алхдаг тул хаашаа очиж байгаагаа тэд мэднэ.

– Хэн нэгэн танд хандаад “Өнөөдөр би хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй болох гэсэн юм. Яавал зохих вэ” гэж асуувал  түүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Одоогийн сэтгэлгээг өөрчлөх.

-Яаж тэр вэ?

-Тэр дүрд хувирах ёстой.Гэвч бүсгүй маань дүрд хувирлаа гээд сэтгэлгээгээ солихгүй бол ямар ч үр дүн гарахгүй.Тохироогүй дүр гэж байдаг шүү дээ.Өөрт нь зохиогүй хувцастай яг адилхан.

-Зохиогүй  дүртэй хүмүүс харагддаг байх нь?

– Хуурамч зүйл хэзээд илхэн байдаг.

-Хамгийн сайхан эмэгтэй хэрхэн ямар дүртэй харагддаг юм бол?

-Өөртөө итгэлтэй, эмэгтэйлэг.Эмэгтэй байх гэдэг маш их хариуцлагатай ажил.

-Балетчидыг ихэд хатуужилтай хүмүүс гэж ярьдаг.Таныхаар хатуужил гэж юу вэ?

-Хатуужил гэдэг харьцангуй ойлголт.Цагийн нарийн хувиарьт захирагдан амьдрах.Балет гэдэг үгийг дүрслэн харвал бараг л хатуужил гэсэн үг юм биш үү. (инээв) Балет хатуужилтай хүнийг тоодог урлаг.

-Балетчид сайн удирдагчид болдог гэж ярьдаг юм билээ.Энэ хэр үнэн бэ?

-Хун хэзээ ч ганцаараа нисдэггүй, сүргээрээ дэвдэг.  Багаар ажилладаг орчинд  лидер төрдөг.

-Өөрийгөө өнгөөр илэрхийлээч гэвэл та ямар өнгийг сонгох вэ?

-Би ногоон өнгөнд маш их дуртай. Гэхдээ надад ногоон өнгийн зүйл маш бага байдаг.(инээв)

-Та балет бүжиглэж байхдаа ямар балетын ямар дүрийн хувцсанд дуртай байсан бэ?

-Балетын бүх хувцас чамин,  хувцсанд нь “ордог” бие бүр гоё.  Балетын хувцасны тухай ярьсных, нэмж хэлэхэд миний бие ОХУ-ын балетын хувцасны “Гришко” компанийн Ази дахь албан ёсны төлөөлөгчөөр арав гаруй жилдээ ажиллаж байна.Жил бүрийн хавар тус компанийн балетын хувцасны чиг хандлагыг харуулсан үзүүлбэр болдог.Тэд бүтээсэн бүтээгдэхүүнээ балетын шүтэн бишрэгчдэд өмсгөж сонирхолтой байдлаар үзүүлдэг.Би Монголд иймэрхүү зүйлийг хийе гэж төлөвлөж байгаа.

-Та балетчин хүн.Балетчидын дунд байхад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Үргэлж эрч хүчийг мэдэрч тэднийг улам хайрламаар санагддаг.

-Тэдний яг юу нь танд эрч хүчийг өгдөг  бол?

-Хөдөлгөөн.

-Хамгийн сүүлд та ямар балетад тоглосон бэ?

-“Кармен” балетын Карменд тоглож түүгээрээ “Гоо марал”-ын эзэн болж байсан.Уран бүтээл, дээр нь менежмент хийнэ гэдэг хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордогийн үлгэр болох учраас, аль эрт эргэлт буцалтгүй урлагийн менежмент хэмээх цоо шинэ урлаг руу зоригтой орсон.

Э.Одгэрэл