БНХАУ-д эмнэлгээс эдгээд гарсан 161 хүний 22 хүнд коронавирус дахин илэрчээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан CoViD-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж 2.4 сая хүн өвчилсөн байна. 1.6 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24  цагт ОХУ-д 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж 44 хүн нас барсан байна. Нийт өвчлөл 44 мянга гаруй болжээ. Мөн Буриадад өвчлөл 23 тохиолдлоор нэмэгдэж 153 боллоо. Энэ байдлыг ОХУ-ын эрдэмтэд дүгнэхдээ өвчлөл Москвагаас бусад бүс нутагт дэгдэж 2-3 долоо хоногт оргил үедээ хүрнэ гэдгийг анхааруулсан байна. Иймд Москва хотын иргэдийг хөл хорионы дэглэмийг чанд сахихыг анхааруулсан байна.

Өвчний явц хөнгөн байснаа гэнэт хүндэрдгийг ОХУ-ын ЭМ-ийн сайд ард иргэддээ онцгойлон анхааруулсан байна. Уг өвчлөл хоёр дахь болон гурав дахь давлагаагаар дахин гарах магадлалтай тул амны хаалт, эмнэлгийн хамгаалах хэрэгслийг үйлдвэрлэж байгаа аж.

Зургаадугаар сарын 1-нээс эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг сайн дурын хүмүүс дээр турших буюу вакцины хоёр дугаар шатыг эхлүүлнэ гэж холбогдох албаныхан мэдэгджээ.

БНХАУ-д эмнэлгээс эдгээд гарсан 161 хүний 22 хүнд буюу 13.6 хувьд коронавирус дахин илэрчээ. 14-31 хоногт коронавирус дахин илэрч байгааг эрдэмтэн судлаачид анхааруулсан байна.