ОХУ Ялалтын баярын жагсаалыг хойшлуулжээ

ОХУ нь ирэх тавдугаар сарын 9-нд тохиох аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Ялалтын баярыг коронавирусийн халдвараас сэргийлэн хойшлуулахаар болсон аж. ОХУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэж, 24490 хүн халдвар авч, 198 хүн нас бараад байгаа юм.

Өмнө нь Оросын ахмад дайчид Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Ялалтын баярыг хойшлуулах хүсэлт тавьсан байв. Тус улсын батлан хамгаалах албаныхан Ялалтын баярыг ирэх зургадугаар сарын 24, эсвэл есдүгээр сарын 3-ны өдөр болгон хойшлуулахаар ярилцаж байгаа аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу хэлэхдээ, энэ жил Ялалтын баярын сүрт жагсаалд 15 мянга гаруй цэрэг, 375 газрын техник хэрэгсэл, нисэх онгоц оролцохоор төлөвлөснийг өмнө нь мэдээлж байсан. Гэхдээ коронавирусийн халдварын улмаас ахмад дайчдыг урьж оролцуулах асуудлыг хойшлуулаад байсан юм.