Коронавирусийн халдвар авсан хоёр хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гарлаа

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн/2020.04.07/ ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид хяналтаа үргэлжлүүлнэ. Ийм сайн мэдээ байна.

Ерөнхий сайд хүлээн авч уулзаад надад үүрэг өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдлээ. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдлээ. Өмнөд Солонгосын "Сэжүн" компани 5,000, Хятад 3,000 оношлуур хандивласан байгаа. Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс шинжилгээ авч байгаа.

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн. Цаашид Ховд, Сүхбаатар, Орхон аймагт энэ чиглэлээр нэмэлт лаборатори ажиллуулах бэлтгэл ажил хангагдсан.

Ингэж лабаораторийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн нь хяналт сайжирна гэсэн үг. Зарим хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж байгааг анхаараарай гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.

Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани эмч, ажилтнуудыг урамшуулаарай гэж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчиддаа цалин дээр нь урамшуулал болгож өгнө.

2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн гээд 222 хүнд шинжилгээ хийлээ. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байна. 

Дөрөвдүгээр сарын 6-н буюу өчигдөр ХӨСҮТ-өөс 65 хүн гарч, гэрийн хяналтад шилжин орлоо.

Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Өнөөдөр эмнэлгээс гарч байгаа хоёр хүний тухайд: "Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүнийг амжилттай эмчиллээ. Үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байлгана" гэв.

Ингэснээр манай улсад коронавирусийн батлагдсан 15 тохиолдлын дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Одоо 11 хүн эмчлүүлж байна. Өмнөх хоёр хүн нь 2020 оны гуравдугаар сарын 30-нд эмнэлгээс гарсан юм.