Францын иргэний бие сайжирч

ЭМЯ-наас Covid-19 вирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

1. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэн өөрийгөө тусгаарлаж, ажиглана. Гэхдээ эдгэсэн өвчтөнийг эмнэлэгт гурван удаа давтан шинжилгээ хийж, коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.

2. Эмнэлэг болон тусгаарлах байранд байсан иргэн өөрийгөө 14 хоног тусгаарлан, ажиглана. Ингэхдээ иргэн өөрийн халуунаа өдөрт хоёр удаа хэмжинэ. Гар утсандаа аппликейшн суулгаж, интернэтэд холбогдон байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана. Зөвлөгөө авах шаардлагатай бол өрхийн, дүүргийн эмнэлэгт хандана. Гэрээсээ гарах, зочин урихыг хориглоно. Хэрвээ утсаа унтраах, интернэт холбоогүй болсон тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэсэн Засгийн газрын тогтоол гарсан байна.

3. Орхон аймагт сэжигтэй 44 тохиолдол нэмэгдэж, 86 хүн тусгаарлалт, ажиглалтад байна. Бусад газар хүн нэмж илрээгүй. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглалтад байгаа болон эмчлэгдэж байгаа өвчтөнүүдтэй хамт 14 хоног тусгаарлагдан ажиллаж байгаа эмч, сувилагч зэрэг 286 ажилчин 14 хоног ар гэртээ очихгүй байгаа.

4. Стамбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоо Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Гуравдугаар сарын 19-нд Токио-Улаанбаатар онгоцоор ирсэн 52 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ ажлыг дэс дараатай төлөвлөгөөтэй хийж байна.

5. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

6. Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 10 хүний биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна. Хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирсан. Франц иргэний уушгийг нарийн үзсэн. Тэгээд таны уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж байна, эмчилгээ зохиж байна гэсэн мэдээг дуулгахад араас нь “Би инээж байна та нарт ч бас инээд бэлэглэе” гэж зурвас ирүүлжээ. Дахиад 10 хоног эмчилж ажиглана. Одоо байгаа халдвартай хүмүүсээ эмчилж, сэргээж авна.