Ирэх сараас шатахууны үнэ 200 төгрөгөөр бууна

Дэлхийн зах зээл дэх ханшийн уналттай уялдуулан Монгол Улсад дотоодод шатахууны үнэ буурах нөхцөл үүссэн юм. Энэ талаар өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар,  Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр  “Дэлхийн зах зээл дэх нефтийн бүтээгдэхүүний ханшийн өсөлт, бууралт Монгол Улсад сарын дараа нөлөөгөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ сарын шатахууны импортоо өмнөх сард нь авдаг гэсэн үг. Энэ жишгээр гуравдугаар сард монголчуудын хэрэглэх шатахууныг хоёрдугаар сард авсан юм. Ингэхэд шатахууны үнэ 58 ам.доллароор бууж орж ирсэн байна. Үүнийг төгрөгт шилжүүлэхэд, литрийн үнэ нь 100-120 төгрөгөөр буурсан. Харин энэ нь өмнөх оны ам.долларын ханшийн зөрүүтэй харьцуулан тооцоход литр бензин дээр 80 орчим төгрөгийн зөрүү гарч байгаа. Тэгэхээр үлдсэн 40, 50 төгрөгөөр шатахууныг буулгана” гэдгийг хэлсэн. Энэ дагуу өчигдрөөс эхлэн иргэдийн шатахууны үнэ 50 төгрөгөөр бууж байгаа юм. Түүнчлэн ирэх сараас шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна гэдгийг нэмж хэлэв. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сард орж ирэх шатахууны үнэ энэ сарынхаас 100 ам.доллараар буурч ирэх юм байна.

Өнөөдрийн байдлаар А 92 шатахууны 33 хоногийн нөөцтэй байгаа бол ердийн хэрэглээний 40 хоногийн нөөцтэй байгаа юм байна.