COVID-19-ын онош батлагдсан 6 тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн мэдээллээр COVID-19 халдвар дэлхийн 166 оронд тархсан байна.  Европт COVID-19-ын халдвараар залуучууд их өвдөж байгаа

Европын орнуудад буюу Итали, Испани, Франц, АНУ, Итали, ХБНГУ, өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна. Гадаадын зарим улсад гаднын иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн.

Өчигдөр БНХАУ-ын Ухань хотод өвчлөл бүртгэгдээгүй.

ДЭМБ өчигдөр ээлжит хурлаа хийсэн. ДЭМБ-аас халдвар манайд гарахгүй гэх баталгаа байхгүй учраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа сайтар хийгээрэй гэж зөвлөсөн.

Амны хаалтыг гадаад орчинд хаях нь өвчлөл тархах эрсдэлийг нэмэгдүүлэх учраас хэрэглэсэн амны хаалтаа гялгар уутанд боон битүүмжилж хаяхыг анхааруулж байна.

Хөл хорио хязгаарлалтын дэглэмийг сайтар сахихыг зөвлөж байна. Хөл хорио болон хязгаарлалт сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 1 өдрөөр дутуу хийхэд өвчлөл 40 хувиар нэмэгдэнэ гэдгийг олон судалгааны дүн харуулж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 2975 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 1706 иргэн байна. Өнгөрсөн хугацаанд 309 сэжигтэй тохиолдлыг бүртгэж шинжилгээ хийсэн. 300 тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Өнөөдрийн байдлаар сэжигтэй 4 тохиолдлыг хянаж, онош батлагдсан 5 тохиолдол байна.

Өчигдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 252 зорчигч ирсэн. ХӨСҮТ дээр 24 хүн, Цэргийн төв эмнэлэгт 20 хүнийг тусгаарласан.Бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралт мед эмнэлэг дээр тусгаарлан ажиглалтад аван хянаж байна. 

Тархи, зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсын эмнэлэгт эмчлэгдэж байгаа учраас өчигдрийн онгоцоор ирээгүй.

Сэлэнгэ, Баян-Өлгийн боомтоор ирсэн иргэд аймагтаа тусгаарлагдан ажиглалтад байгаа.

Нийслэлд нэмэлтээр ор гаргах асуудлаар бэлтгэл ажлаа ханган нийтдээ 705 орыг бүрэн чөлөөлөх боломжтой гэсэн судалгааг гаргасан" гэлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Гуравдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр тохиолдлыг тусгаарласан байсан. 4 тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д өнөөдөртөө сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Гуравдугаар сарын 17-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг тохиолдол коронавирус эерэг гарсан. ХӨСҮТ-д COVID-19-ын онош  батлагдсан 6 тохиолдол эмчлэгдэж байна.

Батлагдсан тохиолдлуудын дөрвөн хүний биеийн байдал дунд, Францын биеийн байдал тогтвортой байгаа. Бас нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэр байна.

Бид шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа” гэлээ.