Монгол-Японы сургалтын эмнэлэг цаашид хэвийн ажиллана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол, Японы хамтарсан сургалтын эмнэлгийн асуудлыг хэлэлцжээ. Сургалтын эмнэлгийн санхүүжилт гацаж, үйл ажиллагаа нь тасалдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Засгийн газрын хуралдаанаар Монгол, Японы хамтарсан сургалтын эмнэлгийн санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлуудыг шийдвэрлэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ эмнэлгийг хувьчлах тухай мэдээлэл гарсан байна лээ. Ийм зүйл байхгүй. Өнөөдрөөс манай яамны харьяанд ирсэн. Маргааш, нөгөөдрөөс ажлын хэсгүүд гаргаж, тухайн эмнэлэг дээр ажиллана. Дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийг Дэлхий банкны 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шийдвэрлэж байгаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт дүрс оношилгоо, уламжлалт анагаах ухаан, лаборатори хэвийн ажиллаж байгаа. Цаашид бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэнэ” гэсэн юм.