Ө.Энхтүвшин: Халдвар авсан иргэд рүү дайрч, давшлахгүй байхыг хүсье

Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин танилцууллаа.

Тэрээр “Баян-Өлгий аймгийн Онцгой комиссынхонтой цахимаар хуралдлаа. Казахстан улсад сурдаг олон оюутан байдаг учраас ямар арга хэмжээ авах талаар чиглэл өглөө. Хоёрдугаарт, шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох салбарын сайд нарын мэдээллийг сонслоо. Манай улсад дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Францын иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Янз бүрийн үл ойлголцох зүйл алга. Өчигдөр орой БНСУ болон Францаас ирсэн иргэдээс халдвар илэрсэн. Гадаад оронд байгаа монгол иргэдийг татаж авна гэдгээ эрт үеэс илэрхийлж байсан. Эхний ээлжид БНСУ, Япон, Европ, Туркээс иргэдээ авахаар шийдвэрлэсэн. Энэ улсууд халдварын голомттой байгаа учраас бэлтгэлийг маш сайн хангасан. Одоогоор 700 гаруй монгол иргэнээ авчирсан. Бидний гол ажил бол эдгээр иргэнийг тусгаарлаж, оношилж, халдвартай иргэдээ эмчлэх ажил байна. Ийм эрсдэлийг тооцож байсан. Тиймээс иргэд тайван байж, өөрсдийгөө халдвараас урьдчилан сэргийлээрэй. Халдвар авсан иргэд рүү дайрч, давшлахгүй байхыг хүсье. Энэ хэнд ч тохиолдож мэдэх зүйл. Улс төрийн ашиг хонжоо хайсан мэдээлэл түгээхгүй байхыг хүсье” гэлээ.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар 164 улсад халдвар тархаж, 180 мянга гаруй хүн халдварлаж, 7000 гаруй хүн нас бараад байна. Манай улсын хувьд дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлын хувьд өчигдөр хурдавчилсан оношлуураар тогтоож, давтан шинжилгээ хийсэн. Энэ хүмүүстэй хамгийн ойр байсан 111 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс 61 хүнээс нь халдвар илрээгүй. Бусад хүний шинжилгээг хийж байна. Бид гурван сарын турш хамгаалж чадсан. Гэхдээ агаар дуслын замаар халдварлах учраас бидний хэн нь ч халдварлах эрсдэл байсан. Тиймээс халдвар авсан иргэдээ чичлэхгүй байх нь зүйтэй. Бэлэн байдлыг хангах, нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хүртээмж зэргийг бүгдийг нь бэлтгэсэн” гэсэн юм.

Үүний дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гурван иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Хувь хүний нууцтай холбоотой асуудлыг тэр бүр зарлаад байх боломжгүй. Солонгосоос ирсэн хоёр иргэний биеийн байдал тогтвортой. Берлинээс ирсэн иргэний биеийн байдал хүнд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

-Францаас ирсэн иргэнийг онгоцонд суулгахаас нь өмнө халууныг нь хэмжиж, үзлэг хийгээгүй юм уу?

-Энэ зорчигч Москвагаас суусан. Халууныг нь хэмжиж оруулсан. Халдвартай гэдгийг нь мэдэх боломж байгаагүй.

-Онгоцонд явсан нэг зураглаач, мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийг тусгаарлаагүй гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Мэргэжлийн хяналтын байцаагч болон зураглаачийг тусгаарласан.

-Шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорио тогтоох уу. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-наас эхлүүлэх үү?

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30 хүртэл түр зогсоосон. Үүнийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар БСШУСЯ саналын төсөл боловсруулна. УОК-ын хурлаар саналын төсөл боловсруулахыг БСШУС-ын сайдад  чиглэл өгсөн. Хөл хорионы тухайд Баян-Өлгий аймагт л хөл хорио тогтоосон хэвээр байгаа. Бусад зам нээлттэй байгаа.

-Гадаадаас ирэх хүсэлтэй олон иргэн байгаа. Гэтэл яагаад нэг иргэн ч гэсэн авчрахыг бодохгүй зураглаач явуулсан юм бэ?

-БНСУ-д хэчнээн иргэн байна. Тэр хүмүүс монголчуудад юу хэлэх нь үү, үлдэж буй хүмүүстээ юу захих нь уу гэдгийг харуулж, ард түмэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс зураглаач авч явсан.