Олны дунд түгсэн төөрөгдлүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага няцаалаа

Шинэ төрлийн титэм вирусээс урьдчилан сэргийлэх болон эмчлэхтэй холбоотойгоор олны дунд түгсэн төөрөгдлүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага няцаажээ. 

ДЭМБ шинэ төрлийн титэм вирустэй холбоотой "Худал мэдээлэл болон төөрөгдлүүд" нэртэй материалыг албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна. 

ДЭМБ-ын онцолсноор дулаан, чийглэг уур амьсгалтай бүс нутгуудад вирусийн өдөөгч тархаж байгаа гэсэн төөрөгдөл олны дунд түгээмэл байгаа гэнэ.

"Одоогоор бидэнд байгаа мэдээллээр АЛЬ Ч БҮС НУТАГТ вирусийн үүсгэгч дамжих боломжтой" гэж ДЭМБ онцолсон байна.

Мөн хүйтэн, цастай үед гадаа, агаарт гарах нь шинэ төрлийн титэм вирусийг устгахгүй гэж шинжээчид онцоллоо. "Орчны температур эсвэл цаг агаараас үл хамааран эрүүл хүний биеийн температур 36,5-37 хэмд хэлбэлздэгт гол учир байгаа юм" хэмээн шинжээчид мэдэгджээ.

Түүнчлэн "халуун усанд орох нь титэм вирусийн халдвараас хамгаалж чадахгүй" гэдгийг санууллаа. Хүний биеийн хэвийн температур ванн болон шүршүүрийн усны хэмээс үл хамааран 36,5-37 хэм байдаг, тиймээс халуун усанд орсноос халдвараас хамгаална гэж байхгүй, харин ч хэт халуун усанд орсноор арьсаа түлэх, харшил үүсгэх магадлалтай гэж анхааруулсан байна. 

"Вирусийн эсрэг антибиотикууд ямар ч нөлөөгүй. Эдгээр нь гагцхүү бактерийн халдварыг л эмчилдэг. Шинэ төрлийн титэм вирусээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор антибиотик хэрэглэж болохгүй" хэмээн ДЭМБ онцгойлон анхааруулжээ. 

Сармис зарим төрлийн микробын эсрэг үйлчилгээтэй байдаг ч вирустэй тэмцэхэд нэмэргүй гэдгийг шинжээчид онцоллоо. Энэ өвчлөлийн үеэр сармисыг урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах нь тустай гэдгийг батлах ямар ч баталгаа байхгүй гэжээ.