Т.Бадрал: Монгол Улсад гадаадын ямар ч иргэнийг хүлээж авахгүй

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн "МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн иргэдийг хүлээн авах, хуваарилан байрлуулах ажлыг зохион байгууллаа. Өнөөдөр Берлин, Москвагаас иргэдээ авсан. Берлинээс 93, Москвагаас 138 иргэн ирсэн байна. Иргэдийг үзлэгт оруулж, 19 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Мөн өнөөдөр Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн. Хуваарьт цагаар өнөөдөр 20.25 цагт Улаанбаатарт бууна. Иргэдийг татан авах бэлтгэлийг хангаж байна" гэсэн юм. 

Мөн энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал Берлин, Москвагаас ирсэн иргэдийн дунд шинж тэмдэгтэй хүмүүс байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласныг мэдээлэв. Тэрээр "Тусгай үүргийн онгоцоор иргэдээ татаж байна. Энэ сарын 18-нд Туркээс иргэдээ авна. Одоогоор дэлхийн 150 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Улс орнууд хөл хорио тогтоох зэргээр яаралтай арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, Испанид 46 сая гаруй хүн хөл хорионд орсон байна. Манай улсын хувьд онгоцны олон удаагийн нислэг хийх боломжгүй байна. Тиймээс одооноос Монгол Улсад гадаадын ямар ч иргэнийг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэснийг мэдэгдье” гэсэн юм.

 Түүнчлэн  мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихын зэрэгцээ 5600 гаруй аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэв.