Гэмт хэргийн улмаас 2020 оны эхний хоёр сард 34 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Монгол Улсын 2020 оны хоёрдугаар сарын Нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдээс харвал энэ оны эхний хоёр сард 6,745 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 691 (9.3%)-ээр буурсан үзүүлэлт байна. Харин хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг 3,373 болж, өмнөх сараас 101 (2.9%)-ээр буурсан гэдгийг ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд онцоллоо. 

Тодруулбал, Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад:

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 449 (79.8%) 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 160 (9.9%)

Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 86 (24.0%), хулгайлах гэмт хэрэг 135 (6.8%)

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 114 (83.2%), хүчиндэх гэмт хэрэг 49 (36.3%) 

Өмчлх эрхийн эсрэг гэмт хэрэг 41 (1.0%) -ээр буурсан нь голлон нөлөөлжээ. 

16 ба түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний хоёр сард 32 болж, өмнөх оны мөн үеэс гурваар буюу 8.6%-аар буурсан байна. 

Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 101 (2.4 дахин), мал хулгайлах гэмт хэрэг 83 (22.4%), хөрөнгө завших гэмт хэрэг 39 (29.5%)-өөр тус тус өсжээ. 

ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд үргэлжлүүлэн хэлэхдээ "Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 170 хэргийн 23 (13.5%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 оны эхний хоёр сард 23 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 114 (83.2%)-өөр буурсан үзүүлэлт болсон.  Түүнчлэн,

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 оны эхний хоёр сард 426 болж, өмнөх оны мөн үеэс 22 (4.9%)-оор

Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 38 болж, 4 (9.5%)-өөр

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 170 болж, 155 (47.7%)-аар

Бүлэглэн үйлдсэн хэрэг 294 болж, 5 (1.7%)-аар

Хүүхэд оролцсон хэрэг 64 болж, 19 (22.9%)-өөр тус тус буурсан.

Харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 540 болж, 128-аар буюу 31.1%-аар өссөн байна" гэлээ. 

Ийнхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний хоёр сард 34.1 тэрбум төгрөг болж, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 2.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 1.2 (3.5%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 5.0 (65.4%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болсон аж. 

Нэмж дуулагахад гэмт хэргийн улмаас 2020 оны эхний хоёр сард хохирсон 6,517 хүн байгаагаас

36 (0.6%) нь 7 хүртэлх насных

228 (3.5%) нь 8-17 насных

1,619 (24.8%) 18-29 насных

2,052 (31.5%) нь 30-39 насных

1,405 (21.6%) нь 40-49 насных

1,177 (18.0%) нь 50, түүнээс дээш насных байгаа юм. 

Мөн улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сард 17.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 2.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (11.9%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 659 (43.5%) -өөр өссөн байна.