Эрүүл мэндээ хамгаалахад тайван байдал тус дэмтэй

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн үеэр иргэдийг сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэйг Хүний гавьяат эмч, "Мамба дацан" хийдийн Тэргүүн хамба Нацагдорж зөвлөлөө.

Тэрбээр хэлэхдээ “Энэ өвчний үед бид төр засагтайгаа хамтарч, Уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлэн Монголын уламжлалт анагаах ухааны тусламжийг авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө авч байна. 

Уламжлалт анагаах ухааны чиглэлээр бид өмнө нь H1N1 вирусийн үед ХӨСҮТ-тэй хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр энэ хүнд нөхцөлд ч гэсэн хамтран ажиллах болно.

Өвчин зовлон хэлж биш хийсэж ирдэг учир COVID-19 өвчин хаанаас ч, хэнээр дамжин халдах боломжтой. Гэхдээ өвчилсөн хүнийг болон өвчнийг нь анагаах гэж буй хүмүүсийг хүндэлж, өөрсдийнхөө бие, хэл сэтгэлийг амар амгалан байлгах хэрэгтэй.

Ялангуяа хаврын цаг ирж буй энэ үед бие, сэтгэл хямрахын хэрээр ердийн өвчин ч тусах магадлал өндөр байдаг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахад тайван байдал маш тус дэмтэй.

Бие, сэтгэл хэдий чинээ амар амгалан байна, төдий чинээ сайн зүйл авчирдаг нь ертөнцийн жам. Тиймээс ухаант монголчууд минь хэл, сэтгэлээ ариун байлгаж, төр засагтайгаа хамтарч ажиллахыг хүсэж байна.

Бидний эвтэй байх явдал олон хүнд тус болно гэж бодож байна” гэсэн юм.