Хятадын нутагт хоносон нүүрсний тээврийн жолоочийг тусгаарлана

Улсын онцгой комисс уул уурхайн бүтээглэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг энэ сарын 15-ны дотор хангахыг үүрэг болгосон. Үүний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгждийн дэд сайд Л.Халтар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан тэргүүтэй албаны хүмүүс Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллажээ.

Ууул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Энэ сарын 15-наас хилийн тээвэр эхэлнэ. Үүний өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Экспорт эхлэхээр жолооч нар Хятад улс руу үдээс өмнө хил гараад тус улсад хонолгүйгээр үдээс хойш орж ирэх, бүгд нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй гараад Монгол Улсын нутагт орж ирээд устгах, машинаа бүрэн ариутгалд оруулах зэргээр аюулгүй байдлын шаардлагуудыг чанд мөрдөх хэрэгтэй. Ер нь боломжийн хэмжээнд эхнээсээ бэлтгэлээ хангаад явж байна. Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 30-наас хойш тодорхой хугацаагаар гарч байгаа тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх бас зайлшгүй тохиолдолд хонох хэрэгтэй бол тэр үед нь хуралдаж байгаад зохицуулалт хийсэн нь дээр гэж бодож байна” гэжээ.

Мэргэжлийн хяналитын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан "Нүүрсний тээвэр хийж буй компани өөрсдийнхөө харьяалалын жолооч нараа хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангах ёстой. Жолооч өөрөө авахгүй. Жолооч бүр ямар нэгэн компанид харьяалагдаж байгаа. Тийм учраас харьяалагдаж байгаа компани тусгаарлах байр, хамгаалах хэрэгсэл, хоол, бие засах газар гэх зэргээр бүгдийг нь зохион байгуулах ёстой” гэсэн байна. 

Хилийн ойролцоо 50 хүртэлх хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгэсэн бөгөөд хилээр гарч ирэлгүй Хятадын нутагт хоносон жолоочийг тус байранд тусгаарлах юм байна.