БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгийг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28-н хүртэл сунгалаа

Улсын Онцгой комисс өнөөдрийн хуралдааныхаа шийдвэрийг танилцуулж байна.

Хурлаар БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх, Берлин чиглэлийн нислэгийг зогсоох эсэхийг хэлэлцсэн юм.

Энэ тухай Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан "БНСУ-руу хийх нислэг, Япон улс руу хийх нислэг болоод Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийг түр зогсоосон шийдвэрийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл буюу өвлийн цагийн хуваариас зуны цагийн хуваарьт шилжих хүртэл хугацаанд нисгэхгүй байхаар шийдвэрлэлээ.

COVID-19 халдварын тархалтын үед ингэж хөдөлгөөнийг хорьсон нь манай эргэн тойронд улаачихаад байгаа нөхцөлд авч буй зөв арга хэмжээний нэг гэж үзэж байна.

Харин Европын нислэгүүдийн хувьд, Улсын онцгой комиссоос тархалт өндөртэй орноос ирж байгаа иргэд дээр сайтар анхаарах, гуравдагч орны иргэдийг оруулахгүй, виз олгохгүй байх тал дээр анхаарах шийдэлд хүрлээ.

Цаашид нөхцөл байдал хүндэрвэл энэ чиглэлийн нислэгүүдийг Улсын онцгой комисс дахин авч хэлэлцэнэ” гэлээ.